ОРХОН: Аймгийн 2025 оны төсвийн төслийг хянуулахаар төрийн Аудитын газарт өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Төсвийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 20-ны дотор дараа оны төсвийн төслийг төрийн Аудитын газарт хянуулахаар өргөн барих хуультай. Хуулийн хүрээнд аймгийн 2025 оны төсвийн төслийг хянуулж, дүгнэлт гаргуулахаар аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр төрийн Аудитын газарт өргөн барилаа.
Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нийт
төсвийн орлого, зарлагыг 359,4 тэрбум байхаар тооцоолж төсвийн төслийг
боловсруулсан талаар танилцууллаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан төрийн байгууллагуудаас
ирүүлсэн авто машин болон тавилга эд хогшил худалдан авах хүсэлтийг энэ оны
төсөвт тусгаагүйг дурдав.
Мөн тэрээр “Ирэх жилүүдэд иргэдээс
ирүүлсэн санал хүсэлтийг нэг бүрчлэн шийдвэрлэх зарчим барьж ажиллах бөгөөд
хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд ч иргэдийн саналд тулгуурлан
хийнэ” гэдгийг онцоллоо.
Хуулийн хугацаанд аймгийн төрийн Аудит дүгнэлтээ гаргаж арванхоёрдугаар
сарын 5-ны дотор ИТХ-аар 2025 оны аймгийн төсвийг хэлэлцүүлэх юм.