ТӨВ: Жендэрийн мэдрэмжтэй сум, байгууллагыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-27 10:57:13

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс жендэрийн мэдрэмжтэй сум, байгууллагыг шалгаруулна.


Тус үйл ажиллагааг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд 12 дугаар сарын 5-ны өдөр шалгаруулах юм.


Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг. Тус аяныг 2024 онд дэлхий нийтээрээ “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье”” уриан дор тэмдэглэж байна.


Тус шалгаруулалт нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд тухайн жилдээ төсөв тусгайлан батлуулсан байх, хүйсийн тэнцвэрт байдал хангагдсан байх, нийгмийн баталгааг хангасан 2 доошгүй бүтээлч ажил өрнүүлсэн байх, жендэрийн мэдрэмжтэй орчныг бүрдүүлсэн байх зэрэг ерөнхий шалгуур үзүүлэлттэй юм.


2022 онд төрийн захиргааны байгууллага төрөлд -Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат, аж ахуйн нэгж байгууллага төрөлд -Авто тээврийн төвийн дарга Н.Аасүрэн, хэвлэл мэдээллийн байгууллага төрөлд -Төв телевизийн захирал Ж.Энхбаатар нар шалгарч байсан юм. Эдгээр удирдагчид эмэгтэйчүүдийн ажиллах орчныг сайжруулж, хүүхэдтэй үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаж, ажилчдын суралцаж, өсөн дэвших нөхцөлийг бүрдүүлж өгч байсан байна.


 

Related news