ХОВД: Жаргалант сумын удирдлагууд хүний хөгжлийг дэмжих бодлогыг чухалчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын
зөвлөл өнөөдөр хуралдлаа.
Энэ үеэр Жаргалант сумын Засаг
дарга Б.Амартүвшин 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон
ирэх оны төсвийн төслийг урьдчилсан байдлаар танилцуулж, холбогдох материалыг
ИТХ-ын даргад өргөн барилаа.
Орон нутгийн хөгжлийн тулгамдсан
асуудлыг шийдвэрлэхэд иргэд, олон нийтийн оролцоо хамгийн чухал. Иймээс сумын
Засаг даргын хувьд үйл ажиллагааны хөтөлбөрөө “Хөгжилд хамтдаа” хэмээн нэрлэж,
хог хаягдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлдвэржилт, хүний
хөгжлийг дэмжих чиглэлээр 190 гаруй төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр
төлөвлөжээ.
Жаргалант сумын ИТХ-ын дарга
Х.Батсүрэн: “Үйл ажиллагааны хөтөлбөр болон ирэх оны төсвийн төслөө хуулийн
хугацаанд өргөн барьж буй сумын Засаг дарга Б.Амартүвшинд талархал илэрхийлж,
иргэдийн эрх ашиг, хэрэгцээг нэн тэргүүнд тавьж, тэдний оролцоог хангах
бодлогыг дэмжихийг чухалчилна” гэв.
Энэ сарын 27-нд Жаргалант сумын
ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан болох ба хурлаар дээрх хөтөлбөр, төслийг батлах
тухай хэлэлцэх юм.