Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-26 09:41:04

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


УИХ-ын 101 гишүүнээс өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа. Жамсрангийн Самбуу Монгол Улсын XX зууны түүхэнд чухал байр суурь эзэлсэн, улс орныхоо хөгжил дэвшил, олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, төрийн ажил үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн нэрт зүтгэлтэн. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар 18 жил ажиллахдаа олон чухал шийдвэр гаргаж, улс орны хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмрээ оруулжээ. Түүнчлэн Элчин сайдаар ажиллаж, олон улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласан нь Монголын дипломат албаны түүхэнд чухал байр суурь эзэлдэг.

 

Жамсрангийн Самбуу нь төрийн болон дипломат албаны зэрэгцээ олон нийтэд зориулсан үнэ цэнтэй ном, судалгааны бүтээл туурвиж, ард түмэндээ мэдлэг мэдээлэл түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардад сануулга сургаал” зэрэг бүтээл нь малчдад зориулсан зөвлөгөө, мэдээллийг агуулсан чухал гарын авлага юм гэлээ.

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан улс орны хөгжил дэвшил болон олон улсын харилцааг бэхжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, амьдрал, үйл ажиллагааг судлан таниулах, залуу үед сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

 

УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Related news