“Цагаан алт” хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-26 13:53:53

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.


Гарын үсэг зурах ёслолд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон ноос, ноолуур, ноосон бүтээгдэхүүн, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Хас банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, М банк, Ариг банкны төлөөлөл оролцов.


Ирэх жил 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.

Ингэснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 2.3 их наяд төгрөг, экспортыг 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байр бий гэж тооцжээ.


Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 670 тэрбум төгрөг, 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2200 орчим ажлын байр гарах аж. Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 90 тэрбум төгрөг, экспортыг 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3000 гаруй ажлын байр бий болох юм.


Манай улс жилд дунджаар 37 мянган тн хонины ноос, 10 мянган тн ямааны ноолуур, 2000 тн тэмээний ноос, 400 тн сарлагийн хөөвөр, 18 сая ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх нөөцтэй. Ноос, ноолууран түүхий эдийн 70 гаруй хувийг нь угааж экспортлодог бол арьс, ширэн түүхий эдийн 40 гаруй хувийг л боловсруулж, үлдсэн нөөцөө  ашиглаж чадахгүй байна.




 

Related news