ӨВӨРХАНГАЙ: Эрүүл мэндийн сайд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте болон ЭМЯ-ны өргөтгөсөн баг энэ сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, салбарын бодлого, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцож, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт гематлогийн бүрэн автомат анализатор, шээсний бүрэн автомат анализатор, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машиныг шийдвэрлэсэн юм.
Мөн аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилгоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.
“Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд олон улсын дэвшилтэт технологийг ашигласан Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын лавлагаа шатлалын эмнэлгийн түвшний онош тавих аппаратыг зарим аймагт суурилуулсан. Энэ төвийн ашиглалт Өвөрхангай аймгийн БОЭТ-д бусад аймагтай харьцуулахад харьцангуй өндөр байна” хэмээн тэрбээр үнэлэв.