Азийн аваргуудын лигт “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Метал” баг өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Азийн аваргуудын лигийн 2025 оны улирлын тоглолтод манай улсаас “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Метал” баг оролцохоор болсныг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос албан ёсоор зарлалаа.
Дээрх хоёр баг нь өнгөрсөн 2023-2024 оны лигийн финалд өрсөлдөхөд “Хүлэгүүд” түрүүлж, “Метал” дэд байрт шалгарч байсан юм. Манай бүст Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонезийн багууд өрсөлдөж байгаа бөгөөд эндээс шалгарсан хоёр баг финалд тоглоно. Монголын хоёр баг гурван удаа зочилж тоглох бол ирэх тавдугаар сарын 9-14-нд эх орондоо өрсөлдөгч багуудаа хүлээн авах юм.
Аваргуудын лигийн сугалаа болоход Монголын "Бишрэлт Метал"-ын залуус Индонезийн "Пелита Жаяа", Малайзын "Матрикс", Тайванийн "Пайлотс" багтай А хэсэгт багтав. Харин Монголын лигийн аварга "Хасын Хүлэгүүд"-ийнхэн Тайванийн "Кингс", Тайландын "Хай Тех", Сингапурын "Адройт"-той B хэсэгт орлоо. Цагтаа NBA-д тоглож явсан Тайванийн сагсан бөмбөгийн од Жереми Лин "Кингс" багт хүчин зүтгэдэг бөгөөд Азийн аваргуудын лигийн хүрээнд Монголд зочлон тоглох нь ээ.
Өнгөрсөн жилээс МСБХ-ны Үндэсний дээд лигийн багууд ФИБА-гаас зохион байгуулдаг Азийн аваргуудын лигт өрсөлдөж эхэлсэн ба эхний шатыг Монголдоо зохион байгуулсан билээ. Ингэснээр дээд лигийн багууд Азийн аваргуудын лиг болон Зүүн Азийн аваргуудын лиг гэсэн Ази тивд зохион байгуулж буй хоёр топ лигт өрсөлдөхөөр болж байна.