Ш.Ёл: Аль нам засаглах вэ гэдгээс илүү Дорнод аймагт ямар эерэг өөрчлөлт гаргаж вэ гэдэг нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга Шүхэртийн Ёлтой ярилцлаа. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээж аваад хоёр сарын хугацаа өнгөрч байна.
-Та Дорнодын нам улс төрийн удирдах албан
тушаалд шинэ хүн биш. Засаг даргын орлогчоор найман жил ажилласан туршлага, яг
одоо 85 мянган хүн амтай аймгийг удирдахад танд хэр хол зөрүүтэй санагдаж байх
юм?
-ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч бол тухайн аймаг орон нутгийг удирдах түвшний гурван албан тушаалтан. Аймгийн Засаг дарга тухайн аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч учраас асуудлыг эрэмбэлж эцсийн шийдвэр гаргадаг өндөр хариуцлагатай алба. Харин Засаг даргын орлогч бол Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд төлөвлөсөн ажлуудыг гардан зохион байгуулж, ажлын хэсгүүдийг ахалж ажилладаг. Дорнод аймгийн цаашдын хөгжлийг энэ цаг үед тодорхойлох, 85 мянган иргэний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх нь Засаг даргын ажлын төлөвлөлт, хэрэгжилтээс хамаарах учраас одоо надад маш том хариуцлага ирээд байна.
-Аймгийн ИТХ-д Монгол ардын намын нэр
дэвшигчид цөөн суудлын зөрүүтэй сонгогдон олонхыг бүрдүүлж, Хэрлэн сум болон
хөдөөгийн зарим суманд Ардчилсан нам засаг барьж буй онцлог цаг үед та Дорнод аймгийг
удирдах гэж байна. Нам улс төрийн амьдралд олон жил явж ирсэн хүний хувьд
нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаа вэ?
-Аль нэг нам, эвслийн асуудал гэхээс илүү энэ аймгийн эрх ашиг гэж маш чухал юм бий. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Чойбалсан хотын иргэд өмнөх дөрвөн жилд тулгамдаж ирсэн асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж ажилласанд дүн тавьж, цаашид хотын хөгжлийг өөрөөр тодорхойлох хүсэл сонирхлын үүднээс шинэчлэлт хийсэн гэж харж байгаа. Улс төрийн хоёр нам аймагтаа олонхыг бүрдүүлж байна. Аймгийн ИТХ-д МАН олонх болж сонгогдсон нь ард олон бидэнд эхлүүлсэн ажлаа дуусгах боломж итгэлийг өгсөн гэж би хувьдаа боддог.
Тиймээс бид ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, Хэрлэн сумын ИТХ-тайгаа хамтран хотын хэмжээнд тулгамдаж буй олон асуудлыг шийдэж ажиллах ёстой. Нутгийн хөгжлийн төлөө ажилд хоёр намын улс төрийн өнцгөөс хандах бус хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Хуулийн хүрээнд сонгогдоод ирсэн Засаг дарга нарыг би бүгдийг нь томилж, “Сумандаа битгий улс төржөөрэй, иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, нутаг орныхоо төлөө ажиллаарай” гэдгийг ч онцолж захисан. Ер нь Монгол ардын нам ч бай, Ардчилсан нам ч бай эцсийн зорилго нь энэ аймгийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө тус тусын мөрийн хөтөлбөрийг боловсруулж дэвшүүлэн тавьж байгаа шүү дээ. Агуулгын хувьд адил, хэлбэрийн хувьд өөр гэж хэлж болох юм. Та бүгд нийлж хамтраад орон нутгаа хөгжүүл гэсэн үүрэг даалгаврыг ард олон бидэнд өгсөн учраас аль нам засаглах вэ гэдгээс илүү Дорнод аймагт энэ хугацаанд ямар эерэг өөрчлөлт гарах вэ гэдэг л чухал байна.
-Та Дорнод аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг
хүлээж аваад хоёр сарын хугацаа
өнгөрч байна. Энэ хугацаанд сумдын Засаг дарга нарыг томилох, төсөв хэлэлцэх,
өвөлжилтийн бэлтгэл гээд цаг үеийн олон ажилтай шууд тулаад орчих шиг боллоо.
Бүх сум багаар тойрч уулзалт хийлээ. Аймгийн ажил ахуй хэр жигдэрч байна вэ?
-Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажилд хүндрэлтэй зүйл алга. Энэ өвөл цас бага, зарим газраар харын зуд нүүрлэж магадгүй байна. Хаваржилт хүндэрч болзошгүй тул бэлтгэл хангаж байна. Төсвийн хувьд, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн сүүлийн жил таарсан учраас шинэ хөрөнгө оруулалт бага, өмнө эхлүүлсэн ажлуудаа дуусгахад голчлон анхаарсан ийм онцлогтой төсөв батлагдлаа.
Өөрөөр хэлбэл, өмнөх дөрвөн жилд хийсэн ажлыг дуусгахыг зорьж, он дамжсан ажлуудыг голчлон анхаарч тусгасан ийм онцлогтой төсөв батлагдсан. Энэ онд автозамын дотоод сүлжээг бүрэн засварлаж дуусгана. Мөн найман суманд төрийн алба хаагчийн орон сууцыг ашиглалтад оруулж, аймгийн дэд бүтэц буюу инженер, дулааны шугам сүлжээ, хотыг бүрэн камержуулах ажлууд үргэлжилнэ.
Сургууль, цэцэрлэгүүдэд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил, Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих төслүүд, улсын төсвөөр санхүүжих ажлуудыг хийхээр тусгасан. Өмнөх дөрвөн жилд тулгамдсан асуудлуудаа харьцангуй шийдвэрлэсэн гэж хэлж болно. Тухайлбал, Чойбалсан хот доторх авто зам, дэд бүтцийн ажлууд болох дулаан, инженерийн шугам сүлжээ, цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орсон гээд олон ажил өрнөж байна.
Цаашид иргэдэд
нэн тулгамдаж байгаа асуудал болох гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, 1800
айлын орон сууц буюу шинэ суурьшлын бүсийн ажлыг 2026 онд бүрэн дуусгаснаар
залуу гэр бүлүүд орон сууцанд орох боломж бүрдэнэ. Миний хувьд
2024-2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ирэх сард аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар оруулж батлуулна. Энэ бол дараагийн дөрвөн жилд хийх
ажлууд гэж ойлгож болно. Засаг
даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Дорнод аймгийн нийт иргэн, төрийн болон төрийн
бус байгууллагуудын саналд үндэслэж боловсруулдаг учраас үе шаттай уулзалтуудыг
хийж, байр суурийг нь сонсож, хөтөлбөртөө тусгахыг зорьж байна.
-Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн
манай аймагт хэр амжилттай байгаа вэ? Мөн энэ оноос төрийн албан хэрэг хөтлөлт
хос бичигт шилжлээ шүү дээ.
-“Тэрбум
мод” үндэсний хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байгаа цөөн аймгуудын нэг нь манайх.
Одоогийн байдлаар 1.6 сая мод тариад байна. Халхгол, Баян-Уул, Хэрлэн суманд
ойн анги байгуулсан. Цаашид иргэдийг хашаандаа шилмүүст модноос гадна гоёлын
болон жимсний мод тарих боломжоор хангаж, хүсэл сонирхолд нь нийцүүлбэл мод
тарилт илүү үр дүнтэй болно. Мөн Хэрлэн суманд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр
зорьж байна. Төрийн албан хэрэг хөтлөлт хос бичигт шилжих явц үргэлжилж байгаа.
Аймгийн ЗДТГ гэхэд л хоёр удаагийн урт, богино хугацааны монгол бичгийн
сургалтад хамрагдаж, аймгийн хэмжээний нийт 61 төрийн байгууллагын албан маягтын толгой монгол бичигт бүрэн шилжээд байна. Яг албан бичгийн доторх текстийг монгол бичгээр хөтлөхөд программаас шалтгаалаад хараахан эхлээгүй байгаа.
-Монгол
Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Ер
нь ирэх жилүүдэд Зүүн бүсийн хөгжилд Дорнод аймгийн гүйцэтгэх үүрэг, ирээдүйд
оруулах хувь нэмрийг Та хэрхэн харж байгаа вэ?
-Манай аймаг төвийн бүсээс алслагдсан ч дэд бүтэц сайтай.
Энэ давуу талдаа түшиглэн хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн. Энэ нь эдийн
засгийн өсөлтөд шууд нөлөөлөхгүй ч эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг
хангахад чиглэсэн үйл ажиллагааг жигд хөгжүүлэх гол холбоос болдог гэж хэлж
болно. Бид үндсэн нэг бодлогыг эхэнд зөв эрэмбэлж хөгжүүлснээр бусад салбар
дагаад хөгжих боломжтой гэж үзэж эдийн засгийн бодлогыг эхэндээ эрэмбэлж байгаа
юм. Түүн дотроо аялал жуулчлалын бодлогыг нэн тэргүүнд онцолж байна. Энэ нь бүс
нутгийн байршил болоод боломж, чадварт маань илүү дөхөм байсан.
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр болсныг та мэдэж байгаа байх. Засгийн газраас Зүүн бүсийг "Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс" болгож, энэ хүрээнд “Бурхан халдун, Дэлүүн болдог, Буйр нуур, Халх гол, Алтан-Овоо гэсэн маршрутаар түүхэн аялал жуулчлалын газар нутгийг дэд бүтцээр холбох, усан боомт болон олон улсын 4C нисэх буудал байгуулж, хөдөө аж ахуйн экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ, үйлдвэрлэл, технологийн паркийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна” гэж тусгасан байгаа.
Энэ бодлогын хүрээнд Хавирга-Чойбалсан чиглэлийн авто зам, Ульхан-Баян-Уул, Баян-Уул-Норовлин чиглэлийн авто замын ажлуудыг эхлээд хийсэн бол ирэх жилүүдэд Чойбалсан-Халх гол чиглэлийн авто зам, Халх гол, Буйр нуурт 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 4С олон улсын нисэх буудал барих, Чойбалсан хотын нисэх буудлыг 4С нисэх онгоцны буудал болгох ажлууд эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
Түүнчлэн Зүүн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 42.4 хувийг хөдөө аж ахуйн салбар, 24.1 хувийг аж үйлдвэр, барилга, 28.6 хувийг үйлчилгээний салбар эзэлдэг нь ХАА-н салбар манай зүүн бүсийн хөгжилд чухал нөлөөтэйг илтгэж байгаа юм. Зүүн бүсийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын эзэлж байгаа хувийн жин улсын дунджаас хоёр дахин их байна шүү дээ.
Тухайлбал, зүүн бүс нутаг 286 мянган кв.км нутаг дэвсгэртэй, 11 сая толгой малтай, 26 мянган малчин өрхтэй, 2023 оны жилийн эцсээр улсын нийт малын 17.6 хувь нь ногдож байсан, нийт мах бэлтгэлийн 20 орчим хувийг бэлтгэж байна. Тэр дундаа адуу, үхрийн мах бэлтгэх нөөц, бололцоо харьцангуй их. Мал аж ахуйн энэхүү нөөцийг ашиглаж, хөрш улс орныхоо хил орчмын нутгийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Тэр хэрээрээ мал аж ахуйн салбар хүн амын дийлэнх хэсгийн амьжиргааны эх үүсвэр болж байна.
-Мал аж ахуй, ХАА-н салбарыг хөгжүүлэх хамгийн боломжит бүс нутаг хэдий ч
нөгөө талаараа олон зуун мянган малын хөлд дарагдаж, бэлчээрийн даац хэтрэх эрсдэл
нүүрлэж байна. Энэ асуудалд аймаг хэрхэн анхаарах вэ?
-Тийм ээ, манай аймаг зарим хэсгээрээ бэлчээрийн
доройтол, цөлжилтөд өртөж болзошгүй байна. Энэ эрсдэлээс хамгаалахын тулд малын
хөлийн татварын бодлогоор бэлчээр хөрсөө хамгаалж авч үлдэнэ гэж тооцоолж
байна. Бэлчээрийн доройтолд өртөж буй бүс нутагт татварын хувь хэмжээг өндөр,
харин бусад бүс нутагт уян хатан татварын бодлого баримтална. Зүүн бүс нутагт
100 га бэлчээрт 37 толгой мал ногдож байгаа нь улсын дунджаас 9 толгойгоор,
бэлчээрийн даацаар байвал зохих малын тооноос 2 дахин цөөн байгаа. Зүүн бүсийн бэлчээрийн хангамж манай улсын
бусад бүстэй харьцуулахад 50 орчим хувиар илүү. Мөн энэ бүс өндөр ашиг шимтэй
нутгийн шилмэл омгийн малын удам сайтай. Зүүн бүс нутаг бэлчээрийн био
бүтээмжээр бусад бүстэй харьцуулахад 50 гаруй хувиар дээгүүр байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.