ХОВД: Эрдэнэбүрэн сумын цэцэрлэг ирэх онд 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-03 14:23:27

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийг 1966 онд байгуулсан бөгөөд ирэх онд 60 жилийн ойн баяраа тэмдэглэхээр төлөвлөж байна.  

Тус цэцэрлэг одоо 13 багш, ажилтантай. Өнөөдрийн байдлаар гурван бүлэгт 90 гаруй, хувилбарт сургалтад 20 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр нэгдүгээр сарын 31-нд Эрдэнэбүрэн суманд ажиллах үеэрээ цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр сургалтын үйл ажиллагаа хэвийн байгаа ч хүүхдийн эрүүл, аюулгүй, тухтай орчинд сурч хөгжих нөхцөл төдийлөн хангалтгүй байгааг цэцэрлэгийн төлөөллүүд танилцуулав.

Одоо үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгийн барилга нь 1989 онд ашиглалтад орсон. Бүх анги цементэн шалтай, дулаан алдагдал их, тохижилт хангалтгүй учраас дотор засвар хийх боломж бүрдүүлж өгөхийг хүслээ.

2026 онд түүхэн 60 жилийн ойгоо тэмдэглэх учраас цэцэрлэгийн дотор орчны засварын ажлын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулахаар боллоо. Үүнээс өмнө хууль, журмын дагуу зураг төсвөө батлуулж ажиллахыг зөвлөв. 

Сумын орон нутгийн хөгжлийн сангаас анги танхимын шал, гадна тоглоомын талбай зэргийг засаж сайжруулахаар болсон тухай Ховд аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар мэдээллээ.  

Related news