Хөрөнгийн зах зээлийнхэн чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСанхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Хөрөнгийн зах зээл-хөгжлийн гарц” форумыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.
Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр ярихдаа, “Хөрөнгийн зах зээл-хөгжлийн гарц” форум үндсэн 2 сэдвийн хүрээнд өрнөнө. Хөрөнгийн зах зээлд гарахыг сонирхож буй компани, аж ахуйн нэгжүүдэд “Хөрөнгийн зах зээлийн хөгжил ба шинэ бүтээгдэхүүн” хэрхэн гаргах талаар мэдээлэл өгөх юм. Мөн үеэр IPO хийж нээлттэй компани болж хөрөнгө татаж чадсан “Ремикон” ХК туршлагаасаа хуваалцана. Түүнчлэн форумаар санхүүгийн зах зээлийн либеральчлалын асуудлыг хөндөнө. Өнөөдөр манай санхүүгийн зах зээлд Хөрөнгө оруулалтын сан байгуулахаас эхлээд санхүүжилтийн олон арга үгүйлэгдэж байгаа. Тиймээс үүнд хариулт өгнө” гэлээ.
Өмч хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хийснээр ямар ач холбогдолтой болох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол хөшүүрэг юу вэ гэдэгт “Хөрөнгийн зах зээл-хөгжлийн гарц” форум хариулт өгөх юм байна.
Б.Заяа