"Оюутолгой" компанийн хүдрийн хэмжээ 4 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Оюутолгой” компанийн материал тээвэрлэлт 3 дугаар улиралд 25 сая тонныг давсан нь үйлдвэрлэл эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Үүнд ил уурхайн 4 дүгээр үе шат буюу дараагийн өндөр агуулга бүхий хүдэртэй талбайн хөрс хуулалтын ажил багтсан байна. Харин баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт үйлчилгээ, туузан дамжуулагчийн засвартай холбоотойгоор 3 дугаар улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улиралтай харьцуулбал 4 хувиар буурчээ. Тэгвэл зэсийн үйлдвэрлэл 2 дугаар улирлаас 9.9 хувиар буурсан нь 6 дугаар үе шатны хүдрийн металлын агууламж бага байсантай холбоотой гэнэ. Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл 3 дугаар улиралд өмнөх улирлаас 47.1 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дуусч, агуулга буурснаас шалтгаалсан хэмээн “Оюутолгой”-н тайланд дурджээ.
“Оюутолгой” компани 3 дугаар улиралд 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлж гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж буй аж. Тодруулбал тус компани 3 дугаар улирлын төгсгөлд гүний уурхайн ажиллах хүчний тоо 1600-д хүрсэн бол 2016 оны төгсгөлд 2400 болно хэмээн тооцоолжээ.
“Туркойз хилл” компани энэ онд “Оюу толгой”-гоос 175–195 мянган тонн баяжмал дахь зэс, 255–285 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.
Б.Заяа