Тив, ДАШТ-д өрсөлдөх эрх олгох өсвөрийн УАШТ-д 1260 тамирчин өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-12 16:33:59

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өсвөрийн шилдэг шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 56, охидын 50 дахь удаагийн шигшээ тэмцээн “Корпорейт конвеншн центр”-т үргэлжилж байна.


Энэ удаагийн тэмцээнийг Монголын шатрын холбоо зохион байгуулж, оюуны спортыг дэмжигч АПУ Дэйри” компани ивээн тэтгэн хамтран ажиллав. Долоо хоног үргэлжлэх тус тэмцээний нийт шагналын сан 54 сая төгрөг бөгөөд 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 нас гэсэн зургаан ангиллаар нийслэлийн 378, 21 аймгийн 882, нийт 1260 өсвөрийн шилдэг шатарчин оюун ухаан, уран сэтгэмжээ уралдуулан өрсөлдөж байна.


Тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ярихдаа, “Монгол хүүхдийн гал цогтой тоглолт, оновчтой нүүдэл, тактикийн ур чадвар, стратегийн ялалтуудыг өсвөрийн шатарчид маань дэлхийн чихнээ цуурайтуулж, улмаар зөвхөн стандарт тоглолт, тэсвэр тэвчээр биш бодлого зохиомж, хурд хүчний гайхамшгийг мэдрүүлж байна. Эдгээр амжилт нь зөвхөн нэг тамирчны ялалт биш, харин бүх өсвөр үеийнхний ур чадвар, хөдөлмөрийг таниулсан, тэдэнд томоохон урам зориг өгсөн үйл явдал юм. Мөн манай улс энэ жил сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо зохион байгуулахаар боллоо. Ийнхүү өсвөрийн шилдэг шатарчид эх орондоо хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болж байна. УАШТ-ий нас насны ангилалд эхний гурван байр эзэлсэн шатарчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоороо онцлогтой. Өмнө нь нас насны ангилалд ганцхан тамирчин явдаг байсан бол ФИДЕ бидэнд боломж олгож байна. Тиймээс өрсөлдөөн өмнөхөөсөө илүү ширүүсэх болов уу. Манай тамирчдын ур чадвар нь ч сайжирсныг бид харж байна. Цаашлаад үндэсний үйлдвэрлэгч, тэр тусмаа сүү, сүүн бүтээгдэхүүнээр ард түмнийхээ хэрэгцээг хангаж байгаа “АПУ Дэйри” компани УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, цаашид манай холбоотой хамтарч, оюуны спортод хөрөнгө оруулах болсон баяртай байна. Тус компанийн хамт олонд шатарчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийльегэв.


“АПУ Дэйри” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай, “Шунхлай” групп эртнээс спортод элэгтэй, спортын үнэнч дэмжигч байсаар ирсэн. Манай компани спортын маш олон төрөлд хөрөнгө оруулж, өдий болтол хамтарч ажиллаж байна. Энэ удаа Монголын шатрын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, оюуны спортын өсвөрийн УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсондоо маш их баяртай байна. Өнөөдрийн байгуулсан гэрээ бол зөвхөн УАШТ-ийг дэмжих явдал биш юм. Цаашид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөх шилдэг тамирчдад бодит туслалцаа, дэмжлэг үзүүлэх, шатрын спортын хөгжилд бодитой хөрөнгө оруулах зорилготой. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл нь энэ болж байна” хэмээн ярилаа.


Үүнээс гадна тэмцээний хамгийн бяцхан оролцогч зургаан настай Ү.Баянлхам, “Би гурван настайдаа шатар тоглож сурсан. Анхны нүүдлээ аав, ахаараа заалгаж байлаа. Би УАШТ-д өмнө нь оролцохдоо хүрэл медаль хүртэж байсан юм. Одоо заавал түрүүлэх зорилготой яваа. Яагаад гэвэл, УАШТ-ээс медаль хүртсэн тамирчин тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм. Тиймээс заавал түрүүлнэ гэж бодож байна. Таван өргийн дараа би дөрөв хожиж, нэг хожигдсон байгаа. Түрүүлэхийн төлөө бүх чадлаа дайчилна. Намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэндээ, “Чесс Майнд” клубийн багш Батням багшдаа баярлалаа гэж хэлье” хэмээв.


Тэмцээний ерөнхий шүүгч, олон улсын шүүгч Б.Нямдаваа, “Манай өсвөрийн шатарчдын ур чадварыг тив, дэлхийд өндрөөр үнэлдэг. Өсвөрийнхөн маань оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг уламжлал тогтсон. Тэр хэрээрээ жил өнгөрөх тусам өсвөрийн шатарчдын УАШТ маш өрсөлдөөнтэй болж, тамирчдын ур чадвар мэдэгдэхүйц түвшинд сайжирсныг энэ тэмцээнээс харж болно. ААШТ, ДАШТ-ээс медаль хүртсэн цөөнгүй тамирчин уг тэмцээнд оролцож байгаа юм. Алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно” гэлээ.


ФИДЕ-гээс найм хүртэл, 10 хүртэл, 12 хүртэл насны нээлттэй болон охидын ангиллаар зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын Дэлхийн цомын тэмцээнд Монголын шатарчдын 2024 онд олон улс, тив дэлхийн тавцанд гаргасан амжилтыг үндэслэн тухайн тэмцээний ангилал тус бүрд гурван тамирчин оролцох эрхтэй болсон байна.

Тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодрох юм. 

























Related news