Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд зарим хуульд өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжих, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб хуралдав.
Хуралдаанаар
төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан боловсруулсан бусад
хууль тогтоомж, нийслэлийн
агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн
урамшуулал олгох журмын төслийг хэлэлцлээ. Томоохон төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тендер
сонгон шалгаруулалтаас эхлээд одоогийн эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа тул эхний ээлжид 8 хуулийн 22 заалтыг өөрчлөх, төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль, Газрын тухай
хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатайг тодотгосон байна.
Тухайлбал, төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд
мега төслүүдийн гэрээний сонгон шалгаруулалтын үе шат, гэрээний нөхцөл, тендер зохион байгуулалтын
зардлыг багасгах, цаг хугацаа
хэмнэх, худалдан авалтын үр өгөөжийг дээшлүүлэхээр нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг “Цахим
дэлгүүр”-ээс худалдан авах, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун нэвтрүүлэх зохицуулалтыг
тусгажээ. Мөн “зураг төсөл” гэх тодорхойлолтыг Барилгын тухай, Төмөр замын
тээврийн тухай, Эрчим хүчний тухай хууль зэрэгт өөр өөрөөр тусгасан, Төсвийн
тухай хуульд “зураг төсөв” гэж заасан нь салбар хоорондын уялдааг хангадаггүй
аж. Иймд Барилгын тухай хуулийн 4.1.30 дахь заалтыг өөрчилж, ТЭЗҮ-г урьдчилсан, нарийвчилсан гэх зэргээр
тодотгох хэрэгтэйг танилцуулав.
Ерөнхий сайд “Сангийн яам, нийслэл, холбогдох байгууллагууд зарчмаа нэгтгэсэн.
Одоо улс төрийн намуудын саналыг тусгах, Улаанбаатар хотын худалдааны танхим
хариуцаад хувийн
хэвшлийнхнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Улс орны эдийн засагт ач
холбогдол бүхий мега төслүүдийг УИХ-д танилцуулж нээлттэй болгох нь
зүйтэй” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Х.Нямбаатар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд
цахилгаан халаагуур, бүх
төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн
урамшуулал олгох журмын төслийг
танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн
ногоон бүсчлэлийн хүрээг
тогтоож, үнийн урамшуулал олгох тухай НИТХ-ын тогтоол гаргана. Нийслэлийн
агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүс нь Баянхошуу, Толгойт, 7 буудал,
Амгалан орчмын 100 мянган өрх юм.
Эхний ээлжид 30 мянган өрхийг хамруулна. Ингэхдээ албадахгүй, айл өрхүүдэд сонголт өгнө. Шаардлага хангасан
айлууд төхөөрөмжөө суурилуулаад, үнийн хөнгөлөлтөө эдэлнэ. Айл өрхүүдэд дулаан
алдагдлаа бууруулж, хатуу түлшийг
хэрэглээнээс халах шаардлага тавина” гэв.
Ногоон бүсчлэл дэх айл өрхүүдийг бүх төрлийн хий, цахилгаан,
сэргээгдэх эрчим хүч бусад эх үүсвэрт үе шаттай холбох аж. Урамшууллын зохицуулалт хийснээр эрчим хүчээ хэмнэх нь нэмэгдэж, гэр
хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 55,6-гаас 20.8 хувь болгож бууруулах тооцоо байгаа аж.
ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн хөх нүүрсний талаар агаарын бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөлөл, үр дүн, хэрэглээнд нэвтрүүлэх тооцоо бүхий дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж штабын дараагийн хуралдаанд танилцуулах чиглэл өгснийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ.