Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-08 11:35:04

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилов.


Тэрбээр 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. 1997-1999 онд “Улаанбаатар эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яамны газрын дарга, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.


Хуралдааны үеэр нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авав. Түүнчлэн уг албан тушаалд томилогдсон тохиолдолд анхаарах асуудал, аудит байгууллагаас хэрэгжүүлбэл зохих ажлуудын талаар саналаа хэлэв. Ингээд “Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

 

 

Related news