БУЛГАН: Хангинахуйн шугуйн шагайн тойрмын эхний харваа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт
Хангинахын шугуйн шагайн тойрмын харваа тавдугаар сарын 24-25-ны өдрүүдэд боллоо.
Хангинахын шугуйн шагайн тойрмын харвааг Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Наранбаяр нээж, 400 жилийн түүхт шагайн тойрмын харвааг хүндэтгэн хүрэлцэн ирдэг нутаг нутгийн харваачдын хараа хурц, сум мэргэн байж, 2025 оны шагайн тойрмын эхний харваа наадамд нь амжилт хүсэж, энэ жил улсад нэрээ дуурсгахын ерөөл өргөлөө.
Монгол эрэгтэйчүүд 1600-аад оны үед шагай харвангаа улс орны хэрэг явдлыг хэлэлцэн зөвлөлддөг байжээ. Ингэхдээ олны нүднээс далд, амьтны хөлнөөс хол, аль ч талаасаа очиход бэрх газрыг сонгож монос, хайлаас дунд цугладаг байсан нь одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахуйн шугуй юм.
“Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой. Халх тойрмын шагайчин эрчүүд өнгөрсөн зууны эхэн үе хүртэл ийм андгай тавиад жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байсан түүхтэй ажээ.
Эртний халхын гурван том тойрмын хоёр нь энэ нутгаас уламжлалтай бөгөөд Булганы шагайчид Хангинахын
шугуй, Сөртийн тойромд цуглан нааддаг байжээ. Мөн Дорноговийн Луугар, Төв аймгийн Бадын бөөр, Богд хааны
таалсан Сэрвэн сухай, Хонхор гэх мэт алдартай тойрмууд байжээ.
Шагайчид асар майхнаар очиж тойргоор тоглодог болохоор
шагайн наадмыг “тойром” гэж нэрийдэн хожим шагайчид цугладаг газрыг тойром гэх
болжээ.
Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болох шагайгаар хийж байжээ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан 9 тохой ойролцоогоор 4.72 метр зайд байрлах хасааг няслан онох ёстой.
Эдүгээ хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийж, сумыг яшил, хар суман мод, эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ. Харваачдын баг 7 гишүүнтэй бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог. Харваачид харваж дуусаад нутаг буцахдаа дэвжээгээ нар зөв тойрон уухайлж буцдаг.
Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болсон.
Шагайн харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай.