Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-24 09:23:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх “Теле камерын нэгдсэн төв”-ийг өчигдөр нээлээ.


Уг технологийн дэвшил нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх камерын нэгдсэн систем юм. 


УИХ-ын гишүүн П.Сайнзориг ярихдаа, “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд нийслэл хотыг бүтээмжтэй, ухаалаг болгох ажлын эхлэл теле камерын систем болж байна. Уг систем нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлж, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоох зорилготой. Мөн зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулаад зогсохгүй цаашдаа ухаалаг, бүтээмжтэй Улаанбаатар хотын эхлэл болно” гэв.


Харин "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ийн захирал Ч.Хувьзаяа ярихдаа, “Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний удирдлагын төвд 2606 камераар 10 төрлийн зөрчлийг илрүүлж, иргэд, олон нийтэд мессеж хэлбэрээр мэдээлэл хүргээд эхэлсэн. Ингэснээр бид замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийн бодит цагийн өгөгдөл, дата мэдээллийг авдаг. Үүнд үндэслэн гэрлэн дохио болон авто замын зохион байгуулалтыг ухаалгаар зохицуулах боломж бүрдлээ” гэв.


Өмнө нь нийслэл, дүүрэг, хороод нэгдсэн системгүй, хяналтын камерын ашиглалт хангалтгүй байсан. Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон есөн дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерын хяналтын дэд төвийг байгуулснаар камеруудын дүрс мэдээллийг нэгтгэж, нэгдсэн удирдлагад оруулах, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бий болгоод байгаа аж. 


Related news