Окинавагийн тулалдаанаас хойш 80 жил өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 24 /NHK/. Дэлхийн II дайны төгсгөл үед болсон хуурай замын хамгийн ширүүн байлдааны ажиллагаануудын нэг гэгддэг Окинавагийн тулалдаан дууссаны 80 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа Японд боллоо.
Даваа гарагт Окинава мужийн Итоман хот дахь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд олон зуун хүн цугларч, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсжээ.
Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийн холбооны тэргүүн Габу Сэйжю хэлэхдээ “Окинавагийн аймшигт цуст тулалдаан дууссанаас хойш 80 жил өнгөрчээ. Ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүлийнхэнд, өнөөдөр ч эдгэрээгүй сэтгэлийн шархтай яваа хүмүүст бид гүн эмгэнэл илэрхийлж байна. Өнөөгийн дэлхий ертөнцөд олон улс орон хоорондоо дайтаж буйг хараад бидний сэтгэл гүнээ түгшиж байна. Дайтаж буй улс бүр эвлэрэлд хүрээсэй хэмээн бид дотроо залбирдаг” гэлээ.
Окинава мужийн захирагч Тамаки Дэнни үг хэлэхдээ, дайны сургамжийг хойч үедээ дамжуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ.
Окинавагийн цус асгаруулсан тулалдааны үеэр 200 мянган хүн амь үрэгдсэн бөгөөд 1945 оны 6
дугаар сарын 23-ны өдөр Японы Эзэн хааны арми Америкийн цэргийн эсрэг байлдааны
ажиллагаагаа зогсоосон юм.
Энэ тулалдааны талаарх дурсамж нь амьд үлдсэн хүмүүсийн яриагаар дамжин
үеэс үед уламжлагдаж байдаг. Гэвч өнөө цагт тэднийг сонсох боломж улам бүр хумигдсаар
байна.