“I Love Sushi” үзэсгэлэнгээр сүшиний соёлыг түгээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-25 15:30:46

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Японы Элчин сайдын яамны санаачилгаар Япон сангаас зохион байгуулдаг “I Love Sushi” нэртэй дэлхийг тойрон аялж буй нүүдлийн үзэсгэлэнг Монгол арт галерейд энэ сарын 27-нд дэлгэнэ.


1972 онд байгуулсан Япон сан соёл, хэл, оюун санааны солилцоогоор дамжуулан дэлхий нийттэй Япон улсын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой. Энэхүү соёлын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй  энэхүү үзэсгэлэн дэлхий дахинд хамгийн түгээмэл болсон Япон хоол сүшиг олон өнцгөөс харуулан сурталчлах юм.


2013 онд “вашёкү” буюу Японы үндэсний хоолыг ЮНЕСКО-гийн сэтгэлгээний өвд бүртгэсэн нь сүшиний өвөрмөц үнэ цэнийг олон улсад баталгаажуулсан үйл явдал болсон. Түүхийн уртад өөрчлөгдөн хувьссаар ирсэн сүши нь Япон орны байгаль, уламжлал, мэдлэг, амт чанарыг шингээсэн онцгой хоол юм.



Үзэсгэлэнд ирснээр Японд анх сүши хэрхэн үүсэж, тухайн бүс нутгийн байгаль, соёл, амьдралын хэв маягт хэрхэн зохицож хөгжсөн талаар мэдээлэл авахын сацуу, өнөөгийн сүшиний соёл, ирээдүйн хүнсний асуудал дундах байр суурийн талаар эргэцүүлэн бодох боломжтой. Мөн үзэсгэлэнд Японд сүшиг хэрхэн хэрэглэгддэгийг симуляц хэлбэрээр танилцуулах хэсэг байх аж.


Сүшиг сайн мэдэхгүй хүмүүс ч, сүшиний фенүүд ч энэхүү үзэсгэлэнг сонирхон үзэх боломжтой. Энэ нь зөвхөн хоолны тухай биш, Япон улсын түүх, ёс заншил, гоо зүйн тухай өгүүлэх үзэсгэлэн юм.


Уг үзэсгэлэн энэ сарын 27-ноос долоодугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх аж.






Related news