Эрсдлийн үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлагатай гэдэгт санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-09 17:11:03

Бизнесийн салбарынхан макро эдийн засгийн эрсдэлтэй нүүр тулсан тухайгаа Мандал даатгал компаниас зохион байгуулсан “Эрсдлийн удирдлагын форум 2016”-н үеэр тодотголоо.

 Бизнесийнхэн валютын ханшийн өсөлт дарамт учруулсныг бодит жишээ татаж ярьсан юм. 2400 гаруй төгрөгтэй тэнцсэн ам.доллар импорт  хийдэг компаниудад хүндрэл үүсгээд зогсохгүй валютын зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж, улмаар иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурсныг төр засаг анхаарах ёстой гэдэгт төвлөрсөн юм. Бизнесүүдийн орлого хумигдаж, муу зээл үүсгээд байгаа эдийн засгийн суурь эрсдлүүдийг бууруулахад талуудын оролцоог сайжруулах хэрэгтэй гэдэгт хувийн хэвшлийнхэн санал нэгтэй байна. Түүнчлэн эрсдлийг зөвхөн эдийн засгаар хэмжиж болохгүйн жишээг Мандал женерал даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан тодотгосон юм. Өвчлөл, гэмт хэрэг, зам тээврийн осол, гал түймэр, үйлдвэрлэлийн осол гээд нийгмийн эрсдэл, байгалийн эрсдлийн индексийг тус компани тооцсон байна. Монгол Улсын суурь эрсдлийн индекс өсөхөд нийгмийн эрсдлийн өсөлт голлон нөлөөлснийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс дээрх эрсдлийг бууруулахад Монгол Улс эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөтэй болж, талуудын оролцоог хангаж хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй байна гэдэгт  оролцогсод санал нэгдлээ.

 Б.Заяа

Related news