Дүүргийн шинэ Засаг дарга нарт хууль, тогтоомжийг чанд мөрдөж ажиллахыг захив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-09 17:32:30

НЗД С.Батболд өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа.

Өнгөрсөн сард болсон ИТХ-ын сонгуулиар байгуулсан дүүргийн ИТХ-ууд анхдугаар хуралдаанаар Засаг дарга нараа сонгож, батламжлахаар Хотын даргад хүсэлт ирүүлжээ. Дүүргийн Засаг даргад нэр дэвшигчдийн материалыг Хотын дарга болон АТГ хамтран судалж байгаа бөгөөд өнөөдөр эхний 4 хүнийг батламжилж байгааг НЗД, Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэллээ.

Тэрбээр, "Шинээр томилогдсон албан дарга нар хариуцаж буй дүүрэгтээ Монгол Улсын бүхий хууль, тогтоомжийг чанд мөрдөж, хэрэгжүүлэхийг захив. Шинээр батламжлагдсан хүмүүс бол НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чадвартай, хуульд заасан болзлыг бүрэн хангасан мэргэжлийн алба хаагчид юм. Үлдсэн 5 дүүргийн Засаг дарга нарыг энэ 7 хоногтоо багтан томилно” гэлээ.

Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн Засаг даргаар 2 дахь удаагаа  томилогдож байгаа. Тиймээс өмнөх туршлагадаа тулгуурлан, ирэх 4 жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана хэмээгээд "Төсөв, санхүүгийн хүнд нөхцөл бий болох төлөвтэй байгаа учраас төрийн албыг цомхон чадварлаг болгож,  ард иргэддээ  ил тод , нээлттэй ажиллана. Мөн гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно" гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Налайхыг байгаль орчинд ээлтэй эко дүүрэг, хот болгохоор төлөвлөж байна. Санасан сэдсэн ажлаа хэрэгжүүлэхийн төлөө ажлаа шуурхай  эхлэх болно" хэмээв.

Ч.Ариунболд

Related news