Шинээр томилогдсон Засаг дарга нар тамгаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-10 08:46:23

Хотын даргын захирамжаар Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар өчигдөр буюу энэ сарын 09-нд тамгаа гардан авч, үүрэгт ажлдаа орлоо.

Тамгыг НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар хүлээлгэн өгч, иргэдийг ая тухтай, аюулгүй орчинд амьдруулах боломжийг хангаж, дүүргийнхээ хөгжил, дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүслээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийнхээ иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан ажлын байр нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлээд, "Сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүрэгт маань нийгмийн чиглэлийн салбар боловсрол, эрүүл мэндийг дэмжсэн, хүний хөгжлийг хангахад чиглэсэн болон хот, дүүргийн тохижилт руу чиглэсэн олон бодлого хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Энэ бүхнийг үргэлжлүүлэн улам бүр төгөлдөржүүлэх болно” гэв.

Засгийн газрын болон НЗД-ын мөрийн хөтөлбөрийг дүүрэг, хороо болон анхан шатны нэгж бүрт хүргэж, иргэдийн ая тухай амьдралын төлөө хичээнгүйлэн ажиллахаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэллээ.

Ч.Ариунболд

 

Related news