Ирэх онд уул уурхайн салбар улсын төсөвт 9.3 их наяд төгрөг төвлөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-25 12:19:34

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос энэ сарын 24-нд “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, “Ирэх оны төсвийн төсөлд тус салбараас улсын төсөвт нийт 9.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 4.1 их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 3.2 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрдүүлэхээр туссан байна. Тодруулбал, төсвийн төсөлд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал, 20.0 тонн алт, 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор туссан. Ирэх онд төмөр замын бүтээн байгуулалт, хилийн боомтуудын хүчин чадал, ашиглалт сайжирснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэхээр байна” гэлээ.


Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх боломж, тулгарч байгаа сорилтууд” илтгэлдээ, "Нүүрсний үнэ унаснаас уул уурхайн салбарын орлого өнгөрсөн онтой харьцуулахад 13 хувиар буурсныг онцлоод, экспортын тээвэр, зохицуулалт, хил гаалийн үйл ажиллагааг сайжруулсанаар валютын нөөц тогтворжиж байгааг дурдав. Ялангуяа, экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор гаалийн хяналт, үйл ажиллагаа, шат дамжлагыг хөнгөвчлөх, хүнд суртлыг арилгах чиглэлээр холбогдох журмыг шинэчилж цахимжуулсан" гэлээ.


Үргэлжлүүлэн Монголын уул уурхайн ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав. Тэрбээр Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаагаас нүүрс, зэсийн баяжмал, алт гэсэн гуравхан бүтээгдэхүүн нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг тэмдэглэв. Мөн тус салбарын хөгжил саарсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унасан энэ цаг үед Сангийн сайдын 2019 оны 302 дугаар Аргачлал, журам батлах тухай тушаалыг шинэчилж, аргачлалыг хувийн хэвшлийн саналд үндэслэн сайжруулж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг саадгүй шилжүүлэхийг бодлогоор дэмжих шаардлагатай.


Мөн Баялгийн сангийн бүрдүүлэлтийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг нэмэгдүүлж бүрдүүлэх боломжтой гэв.



Related news