Б.Алтанцомыг ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-14 16:27:50

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Балдандоржийн Алтанцомыг ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Б.Алтанцом нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын инженер мэргэжилтэй. 1984 онд ИАТУЕГ-т Хөдөлгөөний диспетчерээр ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж буй, мэргэжлийн боловсон хүчин юм.

Тэрбээр 1984-1988 онд ИАТУГ-ын Хөдөлгөөн штурманы хэлтэст хөдөлгөөний диспетчер, 1988-1993 онд “МИАТ” нэгтгэлийн харьяа Агаарын хөдөлгөөн удирдах алба, Нислэгийн хөдөлгөөний хэлтэст нислэгийн ахлах удирдагч, байцаагч, инженер, 1993-1994 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах үндэсний төв/НХУҮТ/-ийн Тэргүүн дэд захирал, 1994-1996 онд ИАТУГ-ын Мэргэжлийн бодлогын хэлтэст мэргэжилтэн, 1996-1997 онд НХУҮТ-ийн Ерөнхий менежер, захирлаар ажиллаж байв. Мөн 1997-2000 онд “МИАТ” ХК-ийн Япон дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий төлөөлөгч, аэропорт менежер, 2000-2003 онд “МИАТ” ХК-д мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2003-2006 онд “МИАТ” ХК-ийн БНСУ дахь Ерөнхий төлөөлөгч, борлуулалтын менежер, 2006-2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо Азийг хариуцсан бүсийн захирал, 2008-2013 онд ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээ хариуцсан дэд даргаар ажиллаж байсан юм.

Ч.Ариунболд

Related news