“Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-аар “Клин Энержи” компани тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМҮХАҮТ, Стандартчилал Хэмжилзүйн газартай хамтран 2016 оны Үндэсний чанарын шилдгүүдийг тодрууллаа.
Дэлхийн чанарын өдрөөр аюулгүйн өндөр баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой шилдгийн шилдгийг өнгөрсөн жилээс тодруулж эхэлсэн.
Тэгвэл 2016 оны “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага” үндэсний чанарын шагналаар Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэгч “Клин Энержи” компани, "Шилдэг үйлчилгээ” үндэсний чанарын шагналаар “Лоудстоне Могул” ХХК-ийн катерингийн үйлчилгээ, “Шилдэг бүтээгдэхүүн” шагналаар Говь ХК-ийн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн тодорлоо.
“Клин Энержи” компани Ньюком группын дэргэд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2004 онд байгуулагдан анх удаа хувийн хэвшлийн хөрөнгөөр Салхит салхин цахилгаан станцыг барьж байгуулсан. Эл цахилгаан станц нь жилд дунджаар 120-150 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж буй юм. Энэ нь төвийн эрчим хүчний хэрэглээний 3 хувийг буюу 100 мянган өрхийн жилийн цахилгааны хэрэглээг хангадаг байна. Салхит салхин цахилгаан станц нь жилд 122 мянган тонн түүхий нүүрс хэмнэхээс гадна цэвэр усны хэрэглээг 1.6 сая тонноор, хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулж буй аж. “Клин Энержи” компанийн хувьд чанарын менежментийн тогтолцооны ISO -9001 стандартыг 2013 онд, байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO -14001 стандарт, Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны 18001 стандартыг тус тус нэвтрүүлжээ.
Харин “Лоудстоне Могул” компани 2007 онд байгуулагдан, төв суурин газраас алслагдмал бүсэд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, зам, барилга, геологийн хайгуул, уул уурхайн компаниудад тохилог орчин бүрдүүлэх, хээрийн болон суурин кэмп байгуулах, нийтийн хоол, угаалга цэвэрлэгээний чиглэл бүхий катерингийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж иржээ.
Өнгөрсөн жил аж ахуйн нэгж байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэсэн 3 төрлөөр шилдгийн шилдгийг тодруулж “Үндэсний чанарын шагнал”-ыг 9 байгууллага хүртэж байсан. Харин энэ удаа “Үндэсний чанарын шагнал”-ыг 3 байгууллагад гардуулав.
Б.Заяа