Хотын дарга Нийслэлийг тусгай статустай засаг захиргааны нэгж болгох санал тавина гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-11-25 14:48:58

Нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран "Хот ба сэтгүүлч" уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

"Нүхт корпорейт" цогцолборт болсон уг уулзалтад НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн ажлын албаны харъяа газрууд, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нар болон нийт 120 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо. Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр "Нийслэлийн ИТХ-д МАН олонхи болж, нийслэл хотыг шинэ зохион байгуулалтаар удирдан ажиллаад 4 сар болж байна. Энэ хугацаанд нийслэлийн болон иргэдийн өмнө бодитоор тулгарж буй бэрхшээлийг олж шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргахыг эрмэлзэж ажиллалаа. Төр, ард түмний гүүр болсон хэвлэл мэдээллийн салбартай нягт хамтарч ажиллах нь нийслэлд тулгамдаж буй асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой" гэдгийг онцолж байв.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид "Монголын хэвлэл мэдээллийн салбарын байгууллагуудын 85 хувь нийслэлд байдаг. Нийт сэтгүүлчдийн 80 гаруй хувь нь мөн нийслэлд амьдарч байна. Тиймээс сэтгүүлзүйн салбар нийслэлтэй салшгүй холбоотой хэмээн" тодотгосон юм. 

Үүний дараа Хотын дарга С.Батболд Нийслэл хотыг 2016-2020 он хөгжүүлэх төлөвлөгөө болон хотын ерөнхий мэдээллийг танилцуулав. Тухайлбал Улаанбаатар хот ДНБ-ий 64 хувь буюу 14 их наяд 881 тэрбум төгрөг үйлдвэрлэдэг, Улаанбаатар хотод улсын нийт ААН-ийн 63 хувь буюу 43490 ААН бүртгэлтэй, нийт зээлийн 78 хувь нь гардаг, хадгаламжийн 80 хувь нь ноогддог, бүх их, дээд сургуулийн 96 хувь, ЕБС-ийн 28 хувь, цэцэрлэгийн 48 хувь нь байдаг, нийт автомашины 69 хувь буюу 331564 байдаг аж. Нийслэлд жил бүр 40 мянган автомашин нэмэгддэг ч төмрийн хаягдлын цэгт нэг нь ч очдоггүй.  

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувьд гэр хороолол байдаг бөгөөд хүн ам, нийт өрхийн 60 хувь нь амьдарч байна. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын яндан болон халаалтын зуухнаас гарч байгаа бол автомашинаас 10 хувь, цахилгаан станцаас 6, бусад эх үүсвэрээс 4 хувь нь ялгарч байгаа судалгаа гарчээ.

Нийслэлийн төсвийн хувьд, жилдээ нийт 550 орчим тэрбум төгрөгийн зардал гаргадаг бөгөөд орлогын дийлэнх хувийг орлогын албан татвараас бүрдүүлдгийг Хотын дарга мөн онцолж байв. Цаашдаа нийслэлийн бие даасан эдийн засгийн бий болгож, эдийн засгийн хүчирхэг бааз суурьтай болгох бодлого барьж байгаа юм байна.

Хотын дарга төгсгөлд нь "Миний зүгээс Засгийн газарт нийслэлийг тусгай статустай засаг захиргааны нэгж болгох санал тавьж байгаа. Тийм учраас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан. Нийслэлийн статусыг дээшлүүлэхгүйгээр энэ бүх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Үүнээс гадна миний зүгээс "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барьсан. Аз жаргалын хэмжүүр олон ч хүн бүр өөрөө өөрийнхөө аз жаргалыг мэдэгдэг, нийслэлд амьдарч байгаадаа бахархдаг тийм орчныг бүрдүүлэх, хүн рүү чиглэсэн ийм хөтөлбөр байх ёстой гэж үзсэн. Өндөр технологид чиглэсэн үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, өрсөлдөх чадвартай, монгол үндэсний хэв маягтай, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү бизнес, аялал жуулчлалын төв хот болно гэсэн том зорилт дэвшүүлээд байна" гэв.

Ингээд үндсэн үйл ажиллагааны дараа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийслэлийн удирдлага, агентлаг, газруудын дарга нартай танилцаж, сонирхсон сэдвүүдээрээ ярилцлага өрнүүлсэн юм.

Н.Гантуяа

Related news