Иргэний нисэхийн мэргэжлийн шалгалтыг олон улсын түвшинд нийцүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-11-29 12:39:13

ИНЕГ олон улсын жишигт нийцсэн шалгалтын шинэ системийг Шинэ Зеландын “Аspeq” олон улсын байгууллагатай хамтран нэвтрүүллээ. 

Нисгэгч, Нислэгийн хөдөлгөөний  удирдагч, инженер, техникийн мэргэжлийн үнэмлэх авахаар хүсэлт гаргагчаас өмнө нь Иргэний нисэхийн дүрэм, Зөвлөмжийн цувралуудад тусгасан шаардлагын дагуу шалгалт авдаг байжээ. Гэсэн ч эдгээр шалгалтын асуултууд нь шаардлагыг бүрэн хангаж, хянагдаж, тогтмол өөрчлөлтийг оруулж чаддаггүй байсан аж. Тиймээс Шинэ Зеландын “Аspeq” олон улсын байгууллагатай гурван жилийн хугацаанд хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан байна. Уг байгууллага нь Монголын ИНЕГ-ын өмнөөс шалгалтын асуултуудыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж шалгалт  авах үйлчилгээг үзүүлэх аж.  Шинэ систем нэвтэрснээр Иргэний нисэхийн дүрмийн бүх шаардлагыг хангаад зогсохгүй гэрээнд заасны дагуу  “Аspeq” компани бие даан ямар нэгэн нэмэлт төлбөр шаардахгүйгээр асуултуудыг тогтмол хугацаанд шинэчилж байх юм байна. 

Энэ талаар ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга Ч.Батсайхан “Аspeq компанийг сонгосон шалтгаан нь олон улсад  энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд дэлхийн 8 оронд энэ үйлчилгээг нэвтрүүлсэн туршлагатай. Харин Монгол Улс нь 1999 онд Шинэ Зеландийн Иргэний нисэхийн дүрмийг  нутагшуулж амжилттай хэрэгжүүлж ирсэн. “Аspeq” компани нь Шинэ Зеландын иргэний нисэхийн байгууллагын өмнөөс шалгалт авдаг. Гэрээний хүрээнд  мэргэжлийн үнэмлэхний шалгалт өгөх өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын цахим хуудсаар дамжуулан бүртгүүлж, шалгалтын сэдвээ сонгох, зааварчилгаа авах, захиалга хийх болон цуцлах боломжийг бүрдүүлж өгсөн. ИНЕГ-ын хувьд мөн цахим хуудсаар шалгалтыг давхар хянах боломжийг бүрдүүлсэн. Шалгалтыг  англи хэл дээр онлайнаар авах учир Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний албаны үнэмлэх эзэмшигч буюу инженерүүд хэлний түвшингээ давхар тодорхойлуулах боломжтой” гэлээ. 

“Аspeq“ олон улсын байгууллагын Бизнес, хөгжлийн менежер Ноён Дункан Макрегор “Манай компани сүүлийн 15 жилд олон улсад цахимаар шалгалт авдаг системийг нэвтрүүлсэн. Тухайлбал, Англи, Австрали, Шинэ зеланд, Сингапур зэрэг улсын нисэхийн салбарт энэ системээ нэвтрүүлсэн байгаа. Байгууллагын маань үндсэн үйл ажиллагаа нийтдээ 20 гаруй оронд явагдаж байна. Шалгалт авдаг нийтдээ 100-гаад төв олон улсад ажилладаг. Шалгалтад өгөгдсөн нийт асуултын 75 хувьд зөв хариулж чадсан бол тэнцэнэ. Тодруулбал, босго оноо 75 хувь байна гэсэн үг. Энэ нь аль ч улс оронд тавигддаг босго оноо юм” гэлээ. 

Н.Туяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news