Хотын дарга бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-29 16:39:48

НЗД С.Батболд өнөөдөр иргэдийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудлыг нь сонсож, гарц шийдлийн талаар хэлэлцэв.

Тухайлбал Баянгол дүүргийн иргэн Ч.Мөнхжаргал Улаанбаатар хотын гудамж, замыг сайжруулах, байгалийн гамшиг, аюулаас хамгаалах ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Хоттойгоо хамтран ажиллаж өөрийн мэдэж чадах бүхий л зүйлээ зориулан ажилахад бэлэн байна. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан төсөл нэгжийг байгуулаад ажиллавал бид ус хангамжийг сайжруулж хуурай агаарыг чийгшүүлэн, усжуулалтын системээ сайжруулж чадах юм. Ингэснээр үер, хөрсний усны аюулаас хамгаалж чадах чухал ажил юм” хэмээлээ.
 
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Дашдаваа хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр нийслэлийн түүхийг 30 гаруй жил судалж, тэндээс олсон санаагаа нэгтгэж “Он цагийн дуртгал” цуврал бүтээл гаргаж байжээ. Цувралынхаа 14 дүгээр бүтээлийг “Монгол Улсын үе үеийн нийслэлийн түүхийн мөрөөр бэдрэхүй” хэмээх сэдвээр бичиж, хэвлүүлж байжээ. Тэрбээр олон жил нийслэлийн тухай судалж байсны дүнд зарим зүйлс дээр өөрийн санаа бодлыг тусгахыг зорьж байгаагаа хэлсэн. “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан санал хэлэхэд Нийслэлийн Эрхзүйн чадамжийг дээшлүүлэх ёстой. Хотын дарга хийж байгаа хүн Засгийн газрын гишүүн байх хэрэгтэй байна. Мөн хотын төвийн гудамжаар нийтийн үйлчилгээний төвүүдийг нэг дор төвлөрүүлж өгөх хэрэгтэй” хэмээн саналуудаа хэлж байлаа.

Хан-Уул дүүргийн иргэн Г.Есүжинбаяр Засгийн газрын “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн үйл явц, үр дүн цаашдын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбоотой асуудлууд дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Хэлмэгдэгсдийн цогцолборт хүрээлэн байгуулах, СХД-ийг ногоон дүүрэг болгох, Агро парк байгуулах зэрэг асуудлаар уулзаж санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Засаг даргын мөрийн хөтөлбөрт бүх дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн байгаа. Зарим дүүргүүд маань газраа товлоод ажлаа эхлээд явж байна. Холбогдох газруудад үүрэг чиглэлийг нь өгөөд энэ асуудал дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллана. Мөн салбарын сайдтай нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж анхааран ажиллана” гэдгийг хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэлээллээ.

Related news