Б.Гангаамаа долоо дахь ноён оргилдоо гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-12-26 13:06:24

Дэлхийн дээвэр Гималайн нурууны Эверестийн оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа долоо дахь ноён оргилоо эзэлж чадлаа.

Тэрбээр, 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/, 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/, 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/, 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/, 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884 м/, 2016 онд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/ долоо дахь  оргилд хөл тавьж, эх орныхоо төрийн далбааг мандуулаад байна.

Дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьж, уулчин хүний хүсэл мөрөөдөл, чин зорилгоо биелүүлж, дэлхийн уулын түүхэнд “Монгол” гэсэн нэрийг анх удаа бичүүлж чадсан Б.Гангаамаа хэмээх зоригт уулчин бүсгүйгээр монгол түмэн бахархаж байгаа билээ.

Тэрбээр, өнөөдөр буюу даваа гарагийн өглөө Улаанбаатарын цагаар өглөөний 10 цаг орчимд Монголын уулчдын үндэсний холбооны гишүүдтэй утсаар холбогдож ноён оргилд хөл тавьсан баярт мэдээгээ дуулгасан байна. Энэ үеэр уулчин эмэгтэй Б.Гангаамаа, долоо дахь ноён оргилд гарахад нь туслаж хандив өргөсөн дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа бахархан талархаж байгаагаа илэрхийллээ.

Д.Өлзий

Related news