Төрийн албан хаагчид тангараг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.
Нутгийн захиргааны байгуулагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 16 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
“Эзэмшсэн мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч байж улс эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хуулийн дагуу, үнэнч шударгаар ажиллах болно. Миний хувьд төрийн албанд ороод нэг жил болох гэж байна. Өнөөдөр албан ёсоор тангарагаа өргөж, төрийн далбаанаасаа адис авч жинхэнэ төрийн хүн болсондоо баяртай байна...” хэмээн Дарьганга сумын ЗДТГ-ын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн С.Мөнгөн-Эрдэнэ хэллээ.
Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөх Д.Амарбаясгалан, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Баянмөнх нар оролцон тангараг өргөсөн албан хаагчдад төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллахыг захисан юм.
Т. Одончимэг