Ахмадууд хөдөлмөр эрхлэх асуудлыг хуульчилж өгөхийг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 16:07:37

Монгол Улсын хувьд нийт хүн амын 10 шахам хувийг ахмад настнууд эзэлдэг байна. Тэгвэл  тэд өнөөдөр Төрийн ордонд чууллаа.  

ХАХНХЯ-наас зохион байгуулж буй “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний хоёрдугаар зөвлөлгөөнд 700 гаруй ахмад оролцож байна. Улсын хэмжээнд 250 орчим мянган ахмад настан байгаагаас 30-40 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг салбарынхан онцолж буй юм. Судалгаагаар 12 гаруй мянган ахмад хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо гарчээ.Тиймээс ахмадуудын хөдөлмөр эрхлэх асуудлыг хуульчилж өгөх ёстой гэдгийг зөвлөлгөөнд оролцогсод тодотгож байна.

Түүнчлэн 2013 онд Дархан хотноо болсон “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, санаачлагын хэрэгжилтийг энэ удаа дүгнэн хэлэлцэж байгаа юм. Зөвлөлгөөний  гол зорилго нь  Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны талаар тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх түвшний бодлого үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж буй аж.

ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ ярихдаа, “Салбарын яамнаас тэтгэвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлуулсан. Өнөөдөр нэг шатлалтай тогтолцоо  ахмадуудын нийгмийн шаардлага хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Дараах жилүүдэд ахмад настны амьжиргааг хангасан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ямар түвшинд хэрхэн хүргэх вэ гэсэн бодлого чухал. Одоогийн байгаа тэтгэвэрийн бодлого, тэтгэвэрийн хуулийг өөрчлөх, нэг шатлалтай тогтолцоог, олон шатлалтай тогтолцоо руу шилжүүлэх суурь тэтгэвэрийг бий болгох гээд олон алхамуудыг бид хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн ахмадуудын насан туршийн боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх зэргийг хуульчилж өгөх шаардлагатай тулгарч байна. Яамны зүгээс ахмад настны эрүүл мэндийг нөхөн сэргээх чиглэлээр Батсүмбэрийн ахмадын асрамжийн газрыг Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв болгож өргөтгөсөн. Үүний дэргэд  нөхөн сэргээх, эмчилгээ, сувилгааны төвийг бүсчилж байгуулахаар төлөвлөсөн.  Энэ хүрээнд  350-450 ортой сувиллын төвийг 12 дугаар сард ашиглалтад оруулна.  Бүсчилсэн сувиллын төвийг 5 газар байгуулна.  Мөн ахмад настны насан туршийн хуримтлалыг гэр бүлд нь үлдээх эрхзүйн зохицуулалтыг хийхээр Хамтын тэтгэвэрийн тухай хуулийг өргөн барьсан” хэмээн онцлов.

Манай улсын тэтгэвэр авагсдын 51.4 хувь нь 64 хүртэл, 17,3 хувь нь 65-69, 31,3 хувь нь 70-аас дээш насныхан байдаг аж. Тэтгэвэрийн хэмжээг авч үзвэл 60.8 хувь нь 201-300 мянган төгрөг, 16.1 хувь нь 301-400 мянган төгрөг, 3.3 хувь нь 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэр авдаг байна. 66.4 хувь нь тэтгэвэрийн зээлтэй, 71.1 хувь нь зөвхөн тэтгэвэрийн орлого, буцалтгүй тусламж дэмжлэгээр амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. 

Б.Заяа

Related news