М.Мөнхмандах: Бодитой мэдээлэл олж авах чадвартай болохыг цаг үе шаардаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсрол” хөтөлбөрт Монголын Хэвлэлийн хүрээлэн ямар оролцоотой байгаа талаар тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахаас тодруулав.
-Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсрол хөтөлбөр ямар шатандаа явж байна вэ?
-ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн хүрээнд Үндэсний хороог өнгөрсөн жил байгуулсан. Тус хорооноос нэг жилийн хугацаанд болоод урт хугацаанд хэвлэл мэдээллийн суурь боловсрол болон бичиг үсгийн боловсролыг дэмжих ажлыг түлхүү хийхээр ярилцсан.
-Хэвлэл мэдээллийн суурь боловсрол гэж юуг хэлж байна вэ. Суурь боловсролыг дэмжих шаардлага яагаад бий болов?
-Хэвлэл мэдээлэлтэй харьцах суурь боловсрол гэдэг нь бичиг үсэг тайлагдсаны дараагийн шатны боловсрол юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн нийгэмд орчин үеийн техник технологи, мэдээллийн хөгжсөн орчин нөхцөлд хүн уншиж, бичиж чаддаг байх нь хангалтгүй. Ингэхдээ буруу мэдээлэлд итгэдэг, мэдээлэлд шүүмжлэлтэй ханддаггүй учир сурталчилгааг үнэн зөв, бодит мэдээлэл гэж хүлээн авдаг, арилжааны сурталчилгааг бодит мэдээллээс ялгаж салгадаггүй, хүүхдүүд фэйсбүүкээр цацагдаж буй нэгнийхээ үзэл бодлыг бодит үйл явдал гэж хүлээж авдаг. Монголчууд бүгд шахам бичиг үсгийн боловсролтой ч их хэмжээний мэдээллийн үер дунд хэрэгцээтэй, үнэн бодит, итгэл үнэмшилтэй мэдээллийг ялгаж салгаж байна уу гэвэл ихэнх нь үгүй. Тэгэхээр бичиг үсгийн боловсрол, хэвлэл мэдээллийн суурь боловсрол хоорондоо ялгаатай.
Сүүлийн жилд дэлхий даяар иргэдийн хүлээн авч буй мэдээллийн хэмжээ, давтамж маш их нэмэгдсэн. Жирийн иргэн өдөр бүр олон янзын эх сурвалж болох телевиз, радио, сонин, сайт, гар утас, интернет зэрэг хэрэгслээр маш олон тооны мэдээлэл авч байна. Өөрөөр хэлбэл, баримттай сэтгүүл зүйн мэдээ мэдээлэл, хувь хүний үзэл бодол, садар самуунд уруу татсан, гэмт хэргийг өөгшүүлсэн, тоглоомын шинжтэй зэрэг их хэмжээний мэдээлэл дунд бид амьдарч байна. Иргэд тэр дундаа хүүхэд залуус үнэн худал, зөв бурууг ялгаж мэдэхгүй байгаа үед хэрэгцээт мэдээллээ олж авах, ямар эх сурвалжид итгэх эсвэл үл итгэх, ямар сувгаас болгоомжлох, мэдээлэлд хэрхэн шүүмжилтэй хандах, цаашлаад бодитой мэдээллийг олж авах чадвартай болохыг цаг үе шаардаж байна. Тэгэхээр бид мэдээллийг хэрхэн ялгаж салгаж ойлгох вэ гэдгээс гадна мэдээллийг түгээх үйл явцад өөрсдөө оролцох боломж нээлттэй болжээ.
-Бусад улс орнуудтай харьцуулахад мэдээллийн суурь боловсрол ямар түвшинд байна гэсэн үг вэ?
-Дэлхий нийтэд хэвлэл мэдээллийн боловсролыг янз бүрээр нэрлэдэг бөгөөд 1960-1970-аад оноос янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж байна. Зарим улсын Засгийн газар хэвлэл мэдээллийн суурь боловсролоор Үндэсний хэмжээний бодлого боловсруулж, үндэсний аюулгүй байдалтай холбон боловсролын тогтолцоондоо шингээж байна. Дэлхий нийтэд энэ хөдөлгөөн идэвхтэй өрнөж байгаа ч манай орны хувьд хоцрогдолтой байгаа. Тиймээс үндэсний хэмжээнд энэ асуудалд анхаарал тавихаас аргагүй байна.
Яагаад гэвэл энэ бол үндэсний ашиг сонирхол. Эл асуудалд анхаарал хандуулахгүй бол хүүхэд залуус мэдээллээр бөмбөгдүүлсээр байгаад нэг мэдэхэд интернет тоглоомд донтсон, зар сурталчилгаа, хувь хүний үзэл бодолд төөрсөн, улс нийгэмд юу болж байгааг үнэлэх чадваргүй, хэрэгцээт мэдээллээ бодит эх сурвалжаас аваад шүүмжлэн дүгнэх чадваргүй болоход хүрэхэд тун ойрхон байна.
-Мэдээллийн суурь боловсрол сэдвээр хийсэн ямар нэг судалгаа бий юу?
-Хэвлэлийн хүрээлэнгээс анх 2011, 2012 онд үндэсний хэмжээнд 7-11 дүгээр ангийн сурагчдын дунд судалгаа явуулсан. Хүүхдүүд өнөөдөр сонин унших нь бүү хэл телевиз үзэх нь багасч байна. Тэдний хувьд хамгийн итгэл үнэмшилтэй, ойр дотны мэдээллийн эх сурвалж бол интернет. Зурагтаар хүүхэлдэйн кино үзэж, интернетийн тоглоом тоглох, өөр хоорондоо чаатлах зорилгоор ашиглаж байна. Интернетийг хэрхэн ашиглах талаар багшаас биш бие биенээсээ сурч байна. Интернетийг даалгаврын хүрээнд ашиглах нь цөөнгүй байгаа боловч нийт сурагчдын түвшинд зугаа цэнгээний хэлбэрээр буюу арилжааны зорилгоор ашиглах нь их байна гэсэн дүн гарсан.
Мөн ЕБС-ийн багш нарын дунд хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Иргэний боловсрол заадаг багш нарт хичээлд ашиглах гарын авлага, хөтөлбөр байхгүй, хэвлэл мэдээлэлд зориулсан хичээлийн цаг бага. Гэтэл багш нар мэдээллийн суурь боловсролоор хичээл заах эерэг хандлага их байсан. Тиймээс Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн суурь боловсролоор багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг орчуулан сайтдаа байршуулсан.
Энэ бол цогц асуудал учир үндэсний хэмжээнд хэлэлцэх ёстой. Нэгдүгээрт бүхий л талууд хамтран ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт Үндэсний хорооны түвшинд санхүүжилт босгох гэх мэт хүндрэл байна.
-Мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхдээ юуг анхаарах ёстой вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбарт төдийгүй бидний өдөр тутмын амьдралд технологи маш хурдтай хөгжсөн. Бидэнд давуу тал олгож байгаа ч нөгөө талаар мушгин гуйвуулсан мэдээллийг хүлээн авах, түгээх боломж тэлж байна гэсэн үг. Тухайлбал, гэрэл зургийг фотошопдсон эсэхийг иргэд ялгаж чаддаг байх шаардлагатай.
Түүнчлэн иргэд зар сурталчилгаанаас залхсан байдалтай байдаг. Мэдээллийн хөтөлбөрийн дундуур ил далд хэлбэрээр сурталчилгаа явуулж байна. Далд хэлбэрийн сурталчилгааг манай иргэд, хүүхэд залуучууд ялгаж мэдэхгүй. Мөн улс төрийн далд сурталчилгаа ч явж л байдаг. Тиймээс энэ талд иргэдийг боловсруулах хэрэгтэй. Энэхүү хэрэгцээ шаардлага урьд өмнөхөөс хэрэгцээтэй болж байна. Тиймээс мэдээллийн суурь боловсрол буюу мэдээллийн бичиг үсгийн боловсролд анхаарал хандуулах цаг нь болжээ гээд хэлээд байгаа юм. Тиймээс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй энэ ажилд анхаарал хандуулахаар ярилцсан. Товчдоо бол, мэдээллийг олон нийтэд хүргэхдээ бусдыг гүтгэж, доромжилж болохгүй, ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой гэдгийг хүүхэд залуус, олон нийтэд зааж өгөх ёстой.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр