Зочид буудал бариулсны хөлсөнд өвс хадах эрх олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 11:38:20

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хятад улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар 80 ортой 3 давхар зочид буудал баригдаж байна.

Зочид буудал нь дотроо ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр, хурлын танхимтай байхаар төлөвлөгджээ. Барилгын ажил дуусах шатандаа явж байгаа ба жуулчид болоод гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг угтан авахад бэлэн болсон байна.

Энэхүү зочид буудал нь 1 тэрбум 500 сая төгрөгийн өртөгөөр сүндэрлэж байгаа. Харин Сүхбаатар аймгийн зүгээс энэ мөнгийг өгөх боломжгүй учир хоёр талын эрх ашиг, зөвшилцлийн дүнд тус сумын газар нутагт Шилийн гол аймгийг  3 жил өвс хадах эрх олгожээ. Ингэхдээ нэг жилд 10 га газарт өвс хадах юм байна.

Сүхбаатар аймаг нь ӨМӨЗО-ы Шилийн гол аймагтай олон жилийн хамтын  ажиллагаатай. Уг хамтын ажиллагааны санамж бичигт Сүхбаатар аймгийг үндсэн дөрвөн чиглэлээр хөгжүүлэх ба үүний нэг нь хил орчмын аялал жуулчлал байх болно хэмээн тусгаж олон ажлыг төлөвлөсөн байдаг. Эдгээр ажлуудын хүрээнд дээрх зочид буудлыг барьж байгаа ажээ.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Related news