Ховдын баруун гурван сумыг сэргээгдэх эрчим хүчээр хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ий орлогч захирал Чай Мао тэргүүтэй төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүчний станц барих асуудлаар Ховд аймагт ажлын айлчлал хийлээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний станц барихаар төлөвлөсөн Булган суманд дахь газрыг танилцууллаа. Мөн Үенч суман дахь БНХАУ-аас эрчим хүч импортлож байгаа дэд станцтай танилцсан байна.
Алтай, Үенч, Булган сумдад ажилласан БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-нийн төлөөлөгчид аймгийн төвд хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний олон улсын холдинг” ХК-ийн орлогч захирал Чай Мао нар Ховд аймагт эхний удаа 25-100 MW-ын хүчин чадал бүхий нар, салхи, ус, ахуйн хогийг дахин ашиглах болон нүүрсний станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний станц барих асуудлаар харилцан зөвшилцөж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Ингэснээр Ховд аймгийн Алтайн цаадах баруун гурван сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих эхний алхам тавигдаж байна.
А.Бямбасүрэн