Хаврын морины уралдаанд 85 унаач хүүхэд оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн “Алтайн унага” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тогтоолын дагуу хаврын зүүн бүсийн хурдан морины уралдааныг Чандмань суманд 03 дугаар сарын 15-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Чандмань сумын хамтарсан баг, Хос унага морин спорт уяачдын салбар холбоотой хамтран зохион байгуулжээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь уралдааны зохион байгуулалт, уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлэх тал дээр хяналт тавьж ажилласан байна.
Хаврын зүүн бүсийн хурдан морины уралдаанд зургаан аймгийн 22 сумын азарга, их нас, соёолон зэрэг 3 насны 224 морь уралджээ. Уралдаанд 85 уралдаанч хүүхэд морь унаж уралдлаа. Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангахад Чандмань сумын Засаг даргын тамгын газар, хамтарсан баг, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн төв,”Хос унага “морин спорт уяачдын салбар анхаарал тавж ажилласан байна.
Тус суманд зохион байгуулсан хаврын зүүн бүсийн хурдан морины уралдаан уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамрагдсан эсэхийг хянаж 100 хувь бүртгэлд хамруулан, уралдаанд оролцогч хүүхэд бүрт хамгаалалтын малгай, хувцас хэрэгсэл өмсүүлж, аюулгүй байдалд анхаарч ажиллажээ.
А.Бямбасүрэн