Жүжигчин Г.Ундармаа “Өнөр бүл” төвийг тохижуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа ээлжит сайн үйлсийн аянаа эхлүүлэх гэж буй талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэрээр энэ удаа “Мишээл” худалдааны төвтэй хамтран “Өнөр бүл” асрамжийн газрын хүүхдийн бүх өрөөг засварлаж өгөхөөр болжээ.
Тэрээр тус асрамжийн газрын 6-10 насны хагас болон бүтэн өнчин хүүхэд багачуудад халуун дулаан хайраар дүүрэн гэр бүлсэг сэтгэлгээтэй, сайн хүн болж төлөвших, бие даан амьдрах чадварт суралцуулахын тулд ийнхүү орчныг нь тохижуулахаар шийджээ.
Жүжигчин Г.Ундармаа өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуун дахь салбар амбулаторийн Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхим, “Өргөө амаржих газар”, "Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, ЭХЭМҮТ-ийн үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын болон ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан билээ.
“Өнөр бүл” асрамжийн төв нь 41 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энд 105 хүүхэд амьдардаг.
Ж.Болор