“Монгол Улсын түүх” сурах бичгийг шинэчлэн боловсруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн түүхийн тэнхимийн багш нар их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан “Монгол Улсын түүх” сурах бичгийг шинэчлэн боловсрууллаа.
Дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилготой энэхүү номын нээлт өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны Эрдмийн танхимд болов.
Тус сурах бичгийг Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан, шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн бөгөөд үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан байна. Мөн эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бус нутгийн түүхтэй холбон бичихийг зорьжээ. Оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг буланг бүлэг бүрт шигтгэн оруулсан байна.
“Эх сурвалжаас” буланд түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж, түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.
“Түүхчид, судалгааны асуудал” буланд тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргааантай асуудлыг хөндсөн бөгөөд оюутнуудад түүхийн онол, арга зүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэсэн.
“Өнгөрсөн, одоо” буланд өнгөрсөн үйл явдлуудыг өдгөө цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаварыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн байна. Тус булан нь оюутнуудад бодож эрэгцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлэх юм.
Энэхүү номын нээлтэд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, МУИС-ийн ШУС-ийн дэд захирал, ерөнхий редактор, доктор П.Дэлгэржаргал, академич Ж.Болдбаатар, доктор Д.Өлзийбаатар болон багш, оюутнуудын төлөөлөл оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр