Эрдэмтэд ЕБС-ийн сурагчдад лекц уншив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-24 17:01:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, Нийслэлийн Боловсролын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гурав дахь жилдээ “Эрдэмтдийн цуврал” лекцийг энэ сард амжилттай зохион байгууллаа.

Энэ хүрээнд ШУА-ийн эрдэмтэд палеонтологи болон биологи, ботаникийн чиглэлээр ерөнхий боловсролын нийт таван сургуулийн сурагчдад шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их ач холбогдол бүхий лекц уншсан юм.

Тухайлбал, ШУА-ийн Палеонтологи геологийн хүрээлэнгийн доктор З.Бадамхатан, Б.Ганзориг нар “Үлэг гүрвэлийн ертөнц” сэдвээр нийслэлийн 15-р дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад, Д.Идэрсайхан, Ц.Нямхишиг нар “Үлэг гүрвэлийн ангуучид” сэдвээр 118-р сургуулийн 6 дугаар ангийн сурагчдад, Э.Зориг, Б.Майнбаяр нар “Цэрдийн үеийн амьдрал” сэдвээр 21-р сургуулийгн 6 дугаар ангийн сурагчдад, ШУА-ийн ЕБСБХ-ийн доктор М.Ургамал “Монгол орны цэцэгт ургамлын ертөнц , түүний гайхамшиг” сэдвээр 84-р сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад, мөн тус хүрээлэнгийн Б.Мөнхцог “Монгол орны цоохор ирвэс” сэдвээр 93-р сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад тус тус шинжлэх ухаан, танин мэдэхүйн маш сонирхолтой лекц уншсан юм.
Ж.Болор
Related news