“Инжаннаши судлал”-ыг шинэ шатанд гаргахад эрдэмтдийн хамтарсан судалгаа чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-27 14:16:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инжиннаши судлал” бол дэлхийн монгол судлалын салшгүй чухал, хүчирхэг салаа мөчир төдийгүй их зохиолч В.Инжаннашийн намтар, бүтээлийн судалгаанд нэг мөр болж шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд оршсоор буй бөгөөд “Инжаннаши судлал”-ыг шинэ шатанд гаргахад дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын хамтарсан судалгаа чухал гэдгийг онцлов.

Их зохиолч В.Инжаннашийн 180 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр МУИС-ийн хичээлийн Дугуй танхимд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНЧУ-ын эрдэмтэн судлаачид 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Үндсэн илтгэлийг МУИС-ийн доктор, дэд профессор Б.Хишигсүх “XX зууны олон улсын Инжаннаши судлал” сэдвээр илтгэл тавив.Тэрбээр, “Монголын утга, соёлын нэрт зүтгэлтэн В.Инжаннашийн амьдрал замналын түүх, бүтээлийг судлах ажил 1950-иад оны дунд үеэс эхэлсэн. Ширгэшгүй баян өв сантай судлагдахууныг бидэнд өртөөлүүлэн ирэхэд Өвөр Монголын Хишигтэн хошууны соёлын нэрт зүтгэлтэн Эрдэнэтогтох, нэрт орчуулагч Содбилиг нар хүчин зүтгэж, 1956-1957 онд Баруун  Түмэдийн нутгаар илжгэн тэрэг хөллөн гар бичмэл, судар шастир, аман болон бичгийн сурвалжийг цуглуулж чадсан явдал эдүгээ их зохиолчийн намтар бүтээлийн судалгааны ажилд ихээхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэх нь зүйтэй. В.Инжаннаши монголын уран зохиол, урлаг, гүн ухааны онолын сэтгэлгээний хөгжлийн түүхэнд, шүлэг найраг, хурц шүүмжлэлт ёжит зохиолууд, түүхэн, уран сайхны, аж байдлын, адал явдалт, уран сэтгэмжит туульсын романууд, онолын бүтээл туурвилаараа үнэтэй хувь нэмэр оруулсан. “Инжиннаши судлал” бол дэлхийн монгол судлалын салшгүй чухал, хүчирхэг салаа мөчир төдийгүй их зохиолч В.Инжаннашийн намтар, бүтээлийн судалгаанд нэг мөр болж шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд оршсоор буй бөгөөд “Инжаннаши судлал”-ыг урагш ахиулах, шинэ шатанд гаргахад дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын хамтарсан судалгаа чухал” гэв.

Мөн тэрбээр “Эснэсэн гэдэг үг бол монгол үг. Бид крилл үсэг авснаас хойш орчин цагийн монгол хэлээр ярих, бичих, хэрэглээ бий болсон. Энэ үгийг хуучирсан үг гэдэг нэр томъёонд оруулсан. Эснэнэ гэдэг үг нь бүтэж бүрэлдэнэ гэсэн үг. Хүн бүтэж бүрэлдээд төрсөн, мэндэлсэн гэдэг утгыг бүрэн илэрхийлж байна. Эснэсэн гэхээр бүтэж бүрэлдсэн, мэндэлсэн гээд утгын гажуудалгүй. Монгол хэлийг гутаах, нэр томъёоны хувьд төөрөлдүүлэх ноцтой байдал үүсэхгүй” хэмээн тайлбарлалаа.

Тус хурал маргааш “В.Инжаннашийн романуудын туурвилын зарим онцлог”, “Хөх судар” романы эмэгтэйчүүдийн дүрийн тухайд”, “Сударч В.Инжаннашийн ёгт зохиолын учир” зэрэг илтгэлээр үргэлжилнэ.

Хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол урлаг судлалын тэнхим санаачлан БСШУСЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулж байна.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news