Хамтын ажиллагаа, түншлэлийн “Монголын инновацийн 7 хоног-2017” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-02 10:41:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг энэ сарын 08-14-нд зохион байгуулна.
 
Энэ удаагийн арга хэмжээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос-үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд чиглэж байна. Мөн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газар, төр, засгийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч буйгаараа онцлогтой.
 
Инновацийн долоо хоногийн хүрээнд энэ сарын 09-нд  “Шинжлэх ухаан-боловсрол-төр-бизнесийн түншлэл” семинарыг “Иргэний танхим”-д зохион байгуулна. Энэ үеэр төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
 
Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”, Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум”, 11-12-нд “ICIED-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,  “BPA-2017” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулах юм.
 
Түүнчлэн тавдугаар сарын 12-14-нд залуучуудын гарааны бизнесийн “START-UP  WEEKEND” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор
Related news