ДЭМБ-ын тэргүүнээр африк хүн анх удаагаа сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-05-24 09:11:41
ЖЕНЕВ. /Reuters/. Этиопийн Эрүүл мэндийн сайд асан Тедрос Адханом Гебрейесус Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирлаар сонгогдлоо.

НҮБ-ын харьяа тус байгууллагын тэргүүнээр анх удаагаа африк хүн сонгогдсон нь энэ юм. Тедрос өчигдөр ДЭМБ-ын гишүүн улсуудын төлөөлөгчдийн дунд явуулсан хоёр үе шат бүхий нууц санал хураалтад олонхын санал авснаар ирэх 10 жилийн хугацаанд тус байгууллагыг удирдахаар боллоо. Энэ албан тушаалын төлөө түүнээс гадна Их Британийн эмч Дэвид Набарро, Пакистаны зүрхний эмч Сания Ништар нар өрсөлджээ.

Ирэх сарын эцэст ДЭМБ-ыг удирдах үүрэгт хугацаа нь дуусах Маргарет Чаны халааг Тедрос авна.

2013 оны 12 дугаар сараас тархаж эхэлсэн “Эбола” вирусийн тархалтыг шуурхай дарах дорвитой арга хэмжээ авалгүй 11 мянга гаруй хүний аминд хүрсэн гэж ДЭМБ-ыг дэлхий дахин шүүмжилж байсан билээ.

Энэ мэт халдварт өвчин дэгдсэн тохиолдолд “шуурхай бөгөөд дорвитой” арга хэмжээ авах болно гэж санал хураалтын өмнө болсон ДЭМБ-ын их хурлын үеэр Тедрос амлажээ.

Тэрбээр мөн ядуусын эрхийн төлөө тууштай зогсохоо илэрхийлсэн байна.

Доктор Тедрос гэж хэн бэ?

Нас: 52

Гэр бүлийн байдал: Гэрлэсэн. Эхнэр таван хүүхдийн хамт Этиопт амьдардаг

Ажлын замнал: Этиопийн Эрүүл мэндийн сайд, Гадаад хэргийн сайд, ДОХ, сүрьеэ ба хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн сангийн ТУЗ-ийн дарга

Боловсрол: Хумхаа судлалаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач бөгөөд анагаах ухааны докторын зэрэгтэй
Г.Доржханд
 
 


 
Related news