БНСУ-ын аялал жуулчлалын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газар нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-07-06 09:03:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Соёл спорт аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраа манай улсад нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 4-нд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болов. Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд У Сунг, "Монгол-Солонгос хоёр улс нь урт удаан хугацааны туршид харилцаатай явж ирсэн, ах дүүсийн найрсаг харилцаатай ард түмэн. 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцан хамааралтай хөгжиж ирлээ. Тэр дундаа иргэдийн солилцоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь бидний хөгжлийн түвшинг илтгэн харуулж байна.

Өнөөдийн байдлаар Солонгост 36 мянган Монгол иргэн оршин сууж байгаа ба Монголчуудын хамгийн олноор оршин сууж буй гадаад орон бол Солонгос улс юм. Өнгөрсөн жил 16 мянган орчим хүн Монголоос эмчилгээний зорилгоор Солонгос Улсыг зорьсон. Мөн 5000 орчим Монгол оюутан Солонгост суралцаж байна.

Энэ жилийн эхний хагаст манай ЭСЯ нь 46 мянган иргэнд виз олгосон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тоо юм. Энэ жил 100 мянган иргэн Солонгос руу зорчино гэж харж байна. 

Сүүлийн жилүүдэд Солонгосын телевизүүд Монголд ирж нэвтрүүлэг хийснээр Солонгосчууд Монголын талаар илүү их сонирхож, ирэхийг хүсдэг болсон энэ үед Солонгосын Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци нь "КТО Улаанбаатар" салбарыг нээж байгаа нь хоёр орны иргэд солилцоонд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

Дашрамд дурдахад, Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци нь Солонгосын эдийн засагт 55 жилийн турш дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд дотооддоо 9, дэлхийн 21 оронд 32 салбартай. Эднийх олон төрлийн аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлдэг аж.
 
Б.Туул
Related news