Ирэх сарын 1-нээс АНУ-ын иргэд Умард Солонгос руу зорчихгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /VOA/. Иргэдээ Умард Солонгос руу явахыг хориглосон шийдвэрийг АНУ-ын Төрийн департмент гаргалаа. Уг шийдвэрийн дагуу есдүгээр сарын 1-нээс өмнө АНУ-ын иргэд Умард Солонгосоос гарах ёстой болж байна.
Төрийн департмент ийм шийдвэр гаргаснаа "иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах арга хэмжээ" гэж тайлбарлажээ. Харин сэтгүүлчид, хүмүүнлэгийн ажилтнууд онцгой нөхцлөөр зорчих эрх авах боломжтой хэмээн мэдээлсэн байна.
Өмнө нь Вашингтон иргэдээ Умард Солонгост зорчихгүй байх зөвлөмж гаргаж байсан бол энэ удаа хатуу хориг тавьж байна. Сүүлийн үед АНУ-Умард Солонгосын харилцаа улам хурцадсаар байна. Пхеньян удаа дараалан пуужингийн туршилт хийж, Умард Солонгост хоригдож байсан америк оюутан Отто Уормбер нутагтаа ирснийхээ дараа удалгүй нас барсан зэрэг нь хоёр талын харилцааг уламж хурцатгасан билээ.
Саяхан Бүгд Найрамдах Намын сенатор Линдси Грэхэм нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Хэрвээ Пхеньян пуужингийн болон цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлсээр байвал Дональд Трамп тус улсын эсрэг дайн зарлах тухай бодож байгаа” гэж ярьжээ.
Г.Доржханд