М.Отгонжаргал: Ажилчин зөгий шиг хөдөлмөрлөж ахиу бал авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-15 11:35:11
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын зөгийчин М.Отгонжаргалтай уулзаж ярилцлаа.
- Зөгийн аж ахуйг хэднээс эрхэлж байна даа.
- Анх 2013 онд бидний дөрвөн өрх 20 бүл зөгийгөөр зөгийн аж ахуйн сууриа тавьж байлаа. Түүнээс хойш зөгийн аж ахуйг ач тустай, зардал багатай бизнес гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн. Одоо манайд ажиллах хүн нэмэгдээд 20 зөгийчинтэй болоод ажиллаж байна. Энэ жил тавдугаар сард аймгийн удирдлага, сумын Засаг даргын санаачлагаар орон нутагт зөгийн аж ахуйг олноор нь хөгжүүлж, зөгийн балыг гадаадад гаргах зорилгоор зөгийн сургалтыг сумандаа зохион байгуулсан. Сургалтаар 72 хүнийг зөгийчнөөр сургаж мэргэжил эзэмшүүлсэн.
- Бүл нэмэгдлээ гэлээ. Зөгийнд үүлдэр гэж байх уу? Анх зөгийгөө хаанаас оруулж ирсэн бэ?
- ОХУ-аас оруулж ирээд Шаамарт нутагшсан үүлдэрийн зөгийг анх авч үржүүлж байсан. Одоо Казкастан улсаас оруулж ирсэн зөгийнөөс авч үржүүлж байна. Бас Хэнтий аймгийн Биндэр сумаас хэдэн бүл зөгий авчирсан. Олон жил нэг дор байсан зөгийн бие давжаарч, цус ойртож, ашиг шим нь буурахаас хамгаалж жил бүр өөр газраас зөгий авчирч үржүүлдэг.
- Зөгийн бүл нэмэгдээд, зөгийчид олширч байна. Үүнийгээ дагаад бэлчээрийн асуудал гэж үүсэх үү?
 - Тэгэлгүй яахав, бэлчээрийн асуудал үүснэ. Би энд бууна, тэнд бууна гээд малтай л адилхан, хадлан, бэлчээрийн талбайн хомсдол үүсдэг шиг асуудал үүсдэг. Дан ганц манай сумынхан Сэлэнгэ мөрний дагуух бургас, монос, үрэл гээд эрт цэцэглэдэг ургамал цэцгийг бараадаж бууна гэсэн зүйл байхгүй. Зэргэлдээ аймгийн зөгийчид ч ирж отор нүүдэл хийдэг. Бэлчээрийн даац хэмжээ хязгаар гэж бий, түүнд нөлөөлж байгаа. Байгаль өөрөө ч бас нөөцтэй. Бэлчээрийн хувьд ийм асуудал байгаа ч нөгөө талдаа сайн зүйл ч байна. Зөгийчид оторлож ирж байгаа нь манай сумын зөгийчдийн балны гарц нэмэгдэж гадаад руу, япон улс руу гаргахад дөхөмтэй боллоо гэж бодож байгаа.
- Бүтээгдэхүүнээ Япон улсад экспортлох гэж байгаа юм уу?
- Тэгнэ. Япон улс руу гарахаар болсон.
- Жилд хэдэн кг зөгийн бал хурааж авдаг вэ?
- Манайх цөөхөн зөгийтэй болохоор жилдээ 600-700 кг бал авдаг. Энэ нь Японд худалдан авах гэж байгаа газрынхаа хэмжээнд хүрэхгүй байх. Тэд их хэмжээгээр авна гэдэг шаардлага тавьдаг. Олон зөгийчинтэй болж байгаа нь түүнд хүрэхэд дөхөмтэй боллоо. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлж чадвал бүтээгдэхүүнээ үлдэгдэлгүй борлуулахаас гадна, эдийн засгийн хувьд ч боломжийн болно гэж харж байгаа. Ер нь бидний зах зээл муу шүү дээ. Улаанбаатар хот, Булган, Орхон аймаг гэсэн зах зээлд л борлуулдаг. Жилдээ хурааж авсан балаа борлуулж дуусдаггүй, одоо ч бал байж л байна. Бөөнөөр нь гадаад руу гаргавал эдийн засагтаа ч сайнаар нөлөөлнө.
- Бүтээгдэхүүнээ гоо сайхных, ходоодных, хоолных гээд ангилдаг уу?
- Зөгийн бал бол хоол боловсруулах эрхтэн, ходоод гэдэс доторт ерөнхийдөө сайн. Бас нүүрэнд түрхэнэ. Зөгий балны татлага хийнэ. Яг энэ бал тэр өвчинд сайн гэж ялгаж гаргаж чадаагүй байгаа. Үүнийг бол эрүүл мэндийн мэдлэгтэй эмч л ялгаж салгах байх. Бид харин ургамлаар нь ялгадаг. Энэ моносных, гурвалжин будааных, бургасных, үрэлний бал гээд ялгадаг.
- Юугаар нь ялгах уу?
- Ургамлаасаа болоод өнгө, үнэр амт нь өөр байдаг. Гоо сайхныхаа талаас болохоор зөгийн лав гээд бий. Үүнийг эмийн үйлдвэр гоо сайхны үйлдвэр авдаг гэсэн. Лаа хийж зул өргөдөг гэсэн. Цэцгийн тоос, жилий гээд ходоодны хорт хавдрыг эдгээсэн байгаа. Цэцгийн тос нь амин дэм ихтэй, хүүхдэд өгөхөд ханиад хүрдэггүй гэдэг. Тоочоод байвал маш их ач тустай бүтээгдэхүүн.
- Зөгийн балны борлуултыг нэмэгдүүлэх арга замын тухайд?
- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдэг утгаар нь хүмүүс авч эхэлж байна. Борлуулалт жилээс жилд нэмэгдэж байна. Гэсэн ч бүтээгдэхүүний 50 хувь нь үлддэг. Зөгийнөөс гардаг найман төрлийн бүтгээдэхүүн бий. Зөгийн бал өөрөө эрүүл мэндийн болоод хүнсний бүтээгдэхүүн гэж явдаг. Бусад бүтэгдэхүүн нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэгддэг. Бал бол хүний биед маш сайн. Бид өвөг дээдсээсээ энэ цэцэг ургамал ийм юманд сайн гэдгийг мэдэж авч чадаагүй. Зөгий болохоор тэр бүгдийг цуглуулж үүрэндээ авчирдаг. Тэрийг нь бид хэрэглэдэг болохоор эрүүл мэндийн хувьд өндөр ач холбогдолтой. Би өөрөө ч туршиж үзсэн, өрөөл бусдад ч хэрэглүүлж байна. Өвчин зовлонгоосоо салж байна гэхээр эрүүл мэндийн хувьд онц сайн гэж үздэг.
Япон улс яагаад манай балыг авах гээд байна гэхээр Японд монгол орных шиг байгалийн цэвэр цэцэг гэж ховор байдаг гэнэ. Орос улсад ч мөн адил. Дэлхий нийтийн зөгийн аж ахуйг харж ажиглаж байхад байгалийн цэцэг гэж монголд л байдаг юм байна. Бусад орнууд зөгийн аж ахуйг эрхлэхийн тулд балт ургамлуудыг тариалж, таримал ургамлаас бал гаргаж авдаг юм байна лээ. Тийм ч учраас зөгийн балаа дотор нь нэгдүгээр зэрэглэлийн балд нь дал модных, хоёрт нь гурвалжин будааных гэх мэтээр зэрэглэсэн байдаг юм байна. Монголын бал эрүүл мэндэд хамгийн ашиг тустай гэдгийг аж ахуй эрхэлсэн хугацааныхаа туршлагаасаа харлаа.
- Зөгий ихэж байгаа нь байгальд хэрхэн нөлөөлөх бол оо?
- Байгальд маш сайн нөлөөтэй. Ургалтын тоо нь багассан ургамлын гарц, ойн сангийн мод ургамлыг сэргээж байна. Голын захаар ургаж байгаа жимс жимсгэнэ, бут модны гарцын тоог нэмэгдүүлж байгаа нь харагдаж байгаа. Ургалт нь багассан балт ургамлын тоог зөгийн тоос хүртэлтээр нэмэгдүүлж байгаа. 
- Танай аж ахуй хэдэн бүл зөгийтэй вэ?
- 34 бүл зөгийтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Анх таван бүл зөгийг 2013 онд эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр авч, хоёр жилийн хугацанд төлсөн. Энэ хугацаандаа таван бүл зөгийгнөөсөө үржүүлгийн аргаар авч үлдсэн зөгийгөө гурван жил өсгөөд өнөөдрийг хуртэл ажиллаж байна. 
- 34 бүл зөгийнөөс хэдэн кг зөгийн бал авах уу?
- Эхлээд бид туршлагагүйтээд 35 кг авч, энэ нь бүр улсад нэгдүгээр байранд орлоо гээд байсан чинь өнгөрсөн жил нэг бүл зөгийнөөсөө 66 кг бал хурааж авсан байна лээ. Балны гарц жилээс жилд нэмэгдээд байгаа. Тэгэхээр балт ургамлын ургалтыг сайжруулж, тоос хүртэлтээрээ балт ургамлаа дэмжиж байна.  Үүнийгээ дагаад балны гарц нэмэгдээд байна уу гэж бодоод байгаа.
- Зөгийг бас эрүүлжүүлнэ гэж байх уу?
- Байна аа.  Амьтан л болсон хойно зөгийн өвчин гэж бий. Чачга алдах, өндөгний өвчин тусна. Мөн эрвээхэйнээс хачиг гэж амьтан зөгийн үүрэнд орж шингэнийг нь сорж үхэлд хүргэдэг. Тэрнээс нь хамгаалж, урдчилан сэргийлэх зорилгоор зохих хэмжээгээр эмчилгээ хийж, нэмэгдэл тэжээл ч өгдөг.
- Нэмэгдэл тэжээл, эм эмчилгээг нь хаанаас авах уу?
- Хачигны эмчилгээг манай монголд хөдөө аж ахуйн лаборторид химийн гаралтай биш ургамлын гаралтай хийгээд эхэлсэн, өнгөрсөн намраас тэндээс авч хэрэглэж эхэллээ. Өмнө нь Улан- Үдэ хотоос авч хэрэглэж байлаа. Бас Шаамар сум зөгийн аж ахуй эрхлэлтээрээ туршлагатай учраас орон нутагтаа авчирч зардаг юм билээ. Тэрнээс нь худалдан авдаг байсан.
- Зөгий бэлчээрлээд яваад үүрэндээ эргэж ирэхдээ зөвхөн өөрийн чинь л зөгий ирэх үү?
- Өөр өөрийнхөө эхийн үнэрээр өөрийнхөө хайрцаг руу л орно. Хэрвээ гадны зөгий балны үнэрээр дайрч орж ирэхийг завдвал хамгаалагч зөгий нь оруулдаггүй. Өөр өөрсийнхөө л бүл рүү орно. Яг үүр үүрэндээ л ордог гэсэн үг. Зөгий аж ахуй зардал багатай, ашиг ихтэй, байгальд ээлтэй хог хаягдал гаргадаггүй бизнес. Үүнийг хүмүүс ойлгож мэдээд хандлага нь өөр болж байна.
- Танайхан сүргээ хэр маллах вэ?
- Нөхөр бид хочр хувцасаа өмсөөд зөгий рүү очно. Хүүхдүүд ч хувцасаа өмсөөд очдог. Эндээс л бид ашиг шимээ олж амьдарч байгаа гэдэг утгаараа хүүхдүүд ч зөгийндөө хайртай.
- Өвөл яаж өвөлжүүлэх вэ?
- Өвөл зоориндоо хийгээд л балаа хурааж аваад тэжээлээр тэжээнэ. Өвөлжингөө тэжээлээ идээд зоориндоо шавааны байдалтай хөдөлгөөнгүй, дуу чимээгүй байж байдаг. 10-14 хоногтоо нэг орж эмнэлэгийн чагнуураар чагнаж үздэг. Байнгын үзлэгтэй. Бас зоориныхоо хүйтэн халууныг нь тохируулж байх ёстой. Гал түлдэггүй. Амьд амьтад байгаа болохоор дулаанаа хадгалдаг. -3 аас 5 хүртэл хэмтэй байхад л болдог. 
- Хавар гарч ирэхдээ ядарч гарч ирэх үү?
- Ядардаг юм. Зарим нь бүүр бүлээрээ үхэж үрэгддэг. Ямар нэг юм нь тохиороогүйгээс ч юмуу үхсэн байдаг. Гэсэн ч хавар үржлийн үед нь үржүүлээд л авдаг.
- Үржлийн үе нь хэзээ байх уу?
- Дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд байдаг. Тэр үед нь нэмэгдэл тэжээл, өндөглөлт нэмэгдүүлдэг эм бэлдмэлийг нь сайн өгвөл эх зөгий сайн өндөглөдөг. Тэгээд л үржлээс 2-3 бүлэнцэр тасдаж авна. Зун 7-8 сарын хооронд бал хураалтын үе болно. Эдгээрээс гадна үржлийн үед бал хураах зөгийгөө өтгөрүүлж хүчтэй болгож авдаг.
- Бал хураах зөгий тусгай байдаг юм уу?
- Тусгай байдаг. Яг л үхэр малаар ярих юм бол үнээнээс сүү саадаг, тугал саадаггүйтэй адилхан гэсэн үг. Бүлэнцэр бол эхний жилдээ нас бие гүйцэхийн тулд байж байдаг. Хавар зоориноос гаргасан үндсэн бүл зөгийгөө үржүүлээд, өтгөрүүлээд, давхарлаад бал хураалтанд гаргадаг. Хайрцагтай зөгийн бүл болгон зөгийн бал хураахгүй. Зарим нь үржлийн зөгий, зарим нь эх зөгий гаргаж авдаг бүл гэх мэт өөр өөрийн үүрэгтэй. Ярих юм бол их нарийн. Хүмүүс их амархан төсөөлж бодоод байдаг юм билээ. Хэдэн хайрцаг зөгийг цэцгэн дээр аваачиж тавиад л зөндөө бал хураагаад байна гэж боддог. Үгүй шүү дээ. Их хөдөлмөр шаардана. Уйгагүй хөдөлмөрлөнө. Ажиглана. Эх зөгий үйлдвэрлэж гаргана. Тэр зөгийгөө хүчтэй болгохын тулд эм бэлдмэлийг нь цаг тухайд нь өгнө. Цаг хугацаанд нь үүр сархиагаар нь хангана гээд ажил ихтэй. Зөгий өөрөө их хөдөлмөрч амьтан, тэр хөдөлмөр зөгийчний хөдөлмөр хоршин хамтарч байж зөгийн бал гаргаж авч байна.
- Бүтээгдэхүүний сав баглаа боодлыг хэрхэн шийддэг вэ?
- Бид хуучин хэрэглэсэн шилийг ариутгаад хэрэглэдэг байлаа. Одоо өөрийн гэсэн сав баглаатай болоод байна. Өмнөд хөршөөс хүнсний зориулалтын сав оруулж ирж савладаг болсон. Хаяг шошгоо өөрсдөө хийгээд наадаг. Цаашлаад жижиг хэмжээгээр савладаг болохоор ажиллаж байна. Мөн нэг удаагийн хэрэглээг шийдмээр байна. Шилтэй нь бариад гадаад дотоодод аялалаар явж чадахгүй шүү дээ. Тийм болохоор нэг удаагийн хэрэглээний сав баглааг бодож байна. Сургууль цэцэрлэгийн хүүхдэд хэрэглэхэд дөхөм болгохоор төсөл хөтөлбөрт хамрагдах гээд төслөө бичээд  тоног төхөөрөмж нь хаана ямар үнэтэй байна гээд судалгаагаа хийгээд байж байна. Бас шилэн савлагааг хүмүүс их сонирхдог болжээ. Тийм болохоор бид Булган аймгийн бал шүү гээд хараад танигдахуйц савлагаатай болгохоор тоног төхөөрөмж судлаж байгаа. Ийм зорилготой ажиллаж байна даа. Одоо худалдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын бал гээд янз янзын савлагаатай бал гарч ирж байгаа. Тиймээс юун түрүүнд нэг савлагаатай болгох зорилготой байна.
- Баялаг бүтээгчдийн дунд зохион байгуулдаг арга хэмжээнд оролцож байна уу?
- Улаанбаатар хотод “Мишээл экспо” үзэсгэлэн худалдаанд 4 жил дараалан оролцсон. Шилдэг бүтээгдэхүүний өргөмжлөл цом, мөнгөн шагнал авч байсан. Орхон аймагт хангайн бүсийн 6 аймгийн хамтарсан худалдаанд орж шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртлээ. Аймагтаа бол “Баялаг бүтээгчид”, “Ашиг орлоготой Булганчууд” гээд үзэсгэлэнд оролцож байгаа.
М.Батжаргал

Related news