С.Эрдэнэ яагаад өөрийгөө шатаав?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-07 16:12:11

ЛОНДОН. /Opendemocracy/. “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ 11 дүгээр сарын 13-нд дэлхийн хамгийн том нүүрсний орд газрын нэг Монголын “Тавантолгой” уурхайн ажилтнуудын гэрээнд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэрбээр мэдэгдэл хийснийхээ дараа өөр дээрээ шатамхай шингэн асгаж, гал тавьсан байна. Түүний биеийн бараг тал хувь нь түлэгджээ.

Өөрийгөө шатаахаасаа өмнө тэрбээр, "Монгол Улс ард иргэдээ гадаадын улс оронд худалдаж байна. Хэрвээ бид шатах ёстой юм бол шатъя" гэж мэдэгджээ. Түүний энэ мэдэгдэл нь үйл ажиллагааны зардлаа бууруулах зорилгоор 200 ажилтныхаа гэрээг БНХАУ-ын “TTJVCO” компанид шилжүүлэх болсон “Тавантолгой” компанийн шийдвэртэй холбоотой байсан юм. Монголд уул уурхайн компанийн ажилтнуудыг халах асуудал сүүлийн жилүүдэд нэлээд газар аваад байгаа билээ. 2013 онд зэсийн “Оюутолгой” ордын 2000 орчим ажилтныг ажлаас нь халсан байна. “Тавантолгой”-гоос баталгаа гаргасан хэдий ч гэрээг шилжүүлсний дараа ажлаасаа халагдана гэж ажилтнууд эмээжээ. Өөрийгөө шатаах ийм ноцтой арга хэмжээ С.Эрдэнэ авахаас өмнө уурхайчид хэд хэдэн удаа эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

С.Эрдэнийн энэ үйлдэл хэтэрхий аюултай боловч Монгол даяар мэдрэгдээд байгаа уул уурхайн хурцадмал байдал газар авч байгааг харуулж байна. Монголын экспортын 90 орчим хувийг ашигт малтмал, тухайлбал, зэс, нүүрс эзэлдэг. Монголын уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулалтыг татах болсноор 2009-2013 онд тус улс цэцэглэн хөгжсөн. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17.5 хувь буюу БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг бараг хоёр нугалсантай тэнцэх хэмжээнд хүрч, дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засаг болж өргөжсөн.

Гэсэн хэдий ч, хамгийн сүүлийн санхүүгийн улирлын байдлаар Монголын эдийн засгийн өсөлт 2.5 хувь болсон байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай болон уул уурхай салбараас бий болдог дотоодын зах зээлийн уршгаас үүдэн Монголын эдийн засгийн өсөлт буурчээ. Уул уурхайн үйл ажиллагаа буурна гэдэг нь уул уурхайн компаниудын бүтээн байгуулалтын ажил зогсож, ажлын хувцасны хэрэглээ буурч, хоол хүнсний хэрэглээ багасна гэсэн үг боловч уул уурхайн эдийн засгаас хэт хамааралтай Монголын эдийн засгийн өсөлт буурмагц тус улсын дотоодын зах зээл дагаад хямарч байна.

Эдийн засгийн байдал тааламжтай байх үед боломжийн орлоготой уур уурхайн салбарын ажилтнуудын чинээлэг байдал үл хөдлөх хөрөнгөөс эхлүүлээд зугаа цэнгэл хүртэлх үйлдвэрлэл, ноолуур, савхи зэрэг тансаг хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлж байсан бол өнөөдөр эдийн засгийн өсөлт буурсан энэ үед бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрч, цагтаа туйлж явсан хүмүүс хүний гар харахгүйн төлөө тэмцэж байна.

Монголын уул уурхайн салбар гурван шалтгааны улмаас уналтад орсон байна. Нэгдүгээрт, нүүрс, зэсийн ханш нэгхэн жилд дэлхий даяар 20-30 хувиар унасан. Нүүрсний үнэ сүүлийн 12 жилд байгаагүйгээр унаж, компаниудыг ажилчдаа халахад хүргэж байна. Жишээ нь: АНУ-ын эрчим хүчний салбар сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийгээс хамааралтай болж эхэлснээр нүүрсний эрэлт буурч Аппалачи бүс нутгийн уурхайчдыг ажилгүй болгожээ. Магадгүй БНХАУ-д хамгийн их ажилтан ажлаасаа халагдсан байж болзошгүй юм. Энэ намар тус улсын “Heilongjiang Longmay Mining Holding Group” компани нэг удаагийн цомхотголоороо 100 мянган хүнийг ажлаас нь халжээ.

Экспортын нэг зах зээлээс хамааралтай Монголын уул уурхайн эдийн засгийн уналт БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсантай мөн холбоотой. Нийт экспортынхоо 86-90 орчим хувийг далайд гарцгүй Монгол хөрш БНХАУ-д нийлүүлдэг байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширснаар, тус улсын импортын эрэлт эрс буурч, импортын үнэ энэ жилийн 10 дугаар сарын байдлаар өнгөрсөн оныхоос 19 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Бараг БНХАУ-ын эрэлтээс дан ганц хамааралтай байдал нь Монголын эдийн засгийн хүнд байдлын гол шалтгаан юм.

Эцэст нь, уул уурхайгаас болж байгаль орчин сүйдэж, нүүдлийн соёл устаж байгаагийн улмаас монголчууд дундах үндсэрхэг үзэл газар авсан нь тус улсын уул уурхайн өсөлтөд нөлөөлсөн байна. Улс төрийн тогтворгүй байдалтай холбон хөрөнгө оруулагчдын тайлбарлаж байгаа энэ тайван бус байдал Монголын дотоод улс төрийн бодлогод нөлөөлж байна. Монголын хэрэгжүүлж буй бодлого маргааш хэвээрээ байх эсэхэд эргэлзсэн хөрөнгө оруулагчид тус улсад хөрөнгө оруулахаас халширч байна. Уул уурхайн “Рио Тинто” компани болон Монголын Засгийн газар хоорондын хоёр жил үргэлжилсэн маргааны улмаас тус улсын хөгжиж буй зах зээлд нэвтрэх гэсэн хөрөнгө оруулагчид зайгаа авсан. Гэсэн хэдий ч, “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх гэрээг “Рио Тинто”-той байгуулсны дараа Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Монгол Улс дахин хөдөлж эхэллээ”, сунжирсан гэрээний маргаан ард хоцорсон гэх өөдрөг бодол төрж байна гэж мэдэгдсэн байна.

Харин С.Эрдэнийн хувьд тэрбээр Солонгос эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээний зардлыг нь “Тавантолгой” компани гаргахаар болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Билгээ, үйлдвэрчний эвлэлүүдийн шаардлагад бид хариу өгч, шилжүүлсэн 200 ажилтанд гэрээний 33 сарын баталгаа олгож, ажлын ачааллыг нь хэвээр байлгах амлалт өгсөн гэж мэдэгджээ. Мөн зарим ажилтанд тэтгэвэр, цалингийн нэмэлт олгож, гэрээний монгол орчуулгыг өгөхөөр тохиролцсон байна гэж Оксфордын их сургуулийг төгсөгч, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд бодлогын зөвлөх хийдэг Обри Менар бичжээ.

Д.Нямтулга

 

Related news