Сирийн хүчин Дамаск дахь агаарын цэргийн баазыг хяналтдаа авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-15 10:03:14

ДАМАСК. /ВВС/. Дамаск хотын зүүн захад байрлах агаарын цэргийн баазыг Сирийн Засгийн газрын хүчин буцаан авсан гэж цэргийн эх сурвалж, идэвхтнүүд мэдэгдэв.

Даваа гарагт “Марж аль-Султан” агаарын цэргийн баазыг Сирийн цэргүүд хяналтдаа буцаан авсан бөгөөд зэргэлдээх хотыг аюулгүй болгохоор тэмцэж байна гэж Сири дэх хүний эрхийн ажиглагч байгууллага мэдэгджээ.

Гэвч цэргийн эх сурвалжийн мэдээлснээр, зэргэлдээх хотыг мөн эзлэн авсан байна.

Сирийн нийслэл Дамаск хотыг тойрсон хөдөө аж ахуйн “Гута” бүс дэх агаарын цэргийн баазыг 2012 оны 11 дүгээр сард босогчид эзлэн авсан билээ.

Сөрөг хүчний түшиц газарт хамаарагдах уг хэсгийг хяналтдаа буцаан авсан нь Засгийн газрын хүчний хувьд томоохон амжилт юм.

Их Британид төвтэй Сири дэх хүний эрхийн ажиглагч байгууллагын мэдэгдсэнээр, “Марж аль-Султан” агаарын цэргийн бааз руу давших Засгийн газрын хүчний ажиллагаа нэг сарын өмнө эхэлсэн байна.

Ливаны “Хезболла” хөдөлгөөний дайчид уг ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース