Австраличууд "Линдт" кафед амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-15 12:58:47

СИДНЕЙ. /TASS/. Яг нэг жилийн өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 15-нд Сидней хотын төвд оршдог "Линдт" кафед үйлдсэн халдлагын улмаас амиа алдагсдыг австраличууд дурсан санаж байна.

Нэг жилийн өмнө хэт давруу үзэлтэй лалын шашинтан Харон Монис гэгч уг кафе оршдог Мартин Плейс талбайд зэвсэгтэй халдаж, 18 хүнийг барьцаалсны 8 нь кафен ажилчид, 10 нь үйлчлүүлэгчид байв. Цагдаа нар гэмт этгээдийг 17 гаруй цаг эсэргүүцсэн бөгөөд шөнө дунд явуулсан ажиллагааны үеэр гэмт этгээдийг устгасан. Энэ үеэр 34 настай кафен менежер Тори Жонсон, 38 настай өмгөөлөгч Катрина Доусон гэдэг хоёр хүн амиа алдсан юм.  

Сиднейн хотын төвд хүмүүс барьцаалсан энэ хэргийг Австралийн Засгийн газар террорист халдлага гэж мэдэгдсэн.

Дурсгалын гол арга хэмжээ орой болно. Мартин Плейс талбайд гашуудлын цуглаан зохион байгуулах бөгөөд түүнд оролцогсод гартаа лаа асаан барьж, дараа нь нэг минут дуугаа хураах аж. Уг арга хэмжээг зохион байгуулагчид мөн “Линдт” кафе байрладаг барилгын хананд гэрлэн шоу зохион байгуулж,  жилийн өмнө халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж сиднейчүүдийн Мартин Плейс талбайд тавьсан сая сая цэцгийг аварга том дэлгэцээр харуулахаар төлөвлөжээ.

Цагдаа нарыг гэмт этгээдтэй буудалцах үеэр кафе ихээхэн эвдэрч сүйдсэн бөгөөд засвар хийхийн тулд хаахаас аргагүйд хүрчээ. Гуравдугаар сард кафе дахин нээгдсэн бөгөөд амиа алдсан хүмүүст зориулсан дурсгалын хоёр самбар өнгөрсөн оны 12 дугаар сарын эмгэнэлт үйл явдлыг санагдуулна. Өдгөө уг кафе ердийн хуваарийн дагуу ажиллаж байгаа боловч өнөөдрийг хүртэл олсон орлогыг амиа алдагсдын төрөл төрөгсдийн сонгосон буяны санд шилжүүлнэ гэдгийг кафен ажилтнууд мэдээлжээ.

Д.Жаргал

 

関連ニュース