Хятадын Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-20 10:37:27

ВАШИНГТОН. /TASS/. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ирэх долоо хоногт Вашингтонд айлчлах төлөвтэй байна. Энэ тухай “The Washington Free Beacon” интернэт сонинд “айлчлалын төлөвлөгөөний талаар мэдээлэлтэй, Обамагийн засаг захиргааны албан тушаалтны” мэдээллээс иш татан бичжээ.

Тус сонинд гарсан мэдээллээс үзвэл, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Батлан хамгаалахын сайд Эштон Картер, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Сюзан Райстай уулзаж, хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, хэлэлцээний гол сэдэв нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэгд Бээжингийн эрх баригчид зенитийн пуужингийн цогцолбор байрлуулсан асуудал байх аж. Ван И Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэ системийг Өмнөд Солонгост байрлуулах Пентагоны төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэх төлөвтэй байна.

Д.Жаргал

 

関連ニュース