Мьянмар улсын Ерөнхийлөгчийг энэ сарын 10-нд сонгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАНГКОК. /TASS/. Мьянмар улсын парламент ерөнхийлөгчийн сонгуулийг гуравдугаар сарын 10-нд явуулахаар товлосон байна. Тус улсын парламентын гишүүд урьд нь төрийн тэргүүний сонгуулийг гуравдугаар сарын 17-нд явуулахаар төлөвлөж байсан боловч сөрөг хүчнийхэн сонгуулийн үйл явцыг түргэтгэхийг шаарджээ.
Мьянмарын Үндсэн хуульд заасан журмын дагуу, парламентын дээд, доод танхим ерөнхийлөгчийн албан тушаалд нэг нэр дэвшигчийг, мөн Зэвсэгт хүчнээс нэг нэр дэвшигчийг дэвшүүлдэг аж. Ялагчийг олонхын саналаар тодруулдаг байна. Төрийн шинэ тэргүүн дөрөвдүгээр сарын 1-нээс албан үүрэгтээ орох боломжтой бөгөөд чухам энэ үед одоогийн Ерөнхийлөгч Тейна Сейнагийн бүрэн эрхийн хугацаа дуусах аж.
Үүний зэрэгцээ, Мьянмарын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших магадлалтай нэр дэвшигч ч одоогоор тодорхойгүй хэвээр байна. Парламентад дахин сонгогдож, сонгуулиар олонхын суудал авсан "Ардчиллын төлөөх үндэсний холбоо" нам хоёрдугаар сард ажлаа эхэлжээ. Гэвч тус намын дарга, Нобелийн Энхтайвны шагналт Ан Сан Су Чи Ерөнхийлөгч болох боломжгүй юм. Өөр орны иргэн болсон төрөл төрөгсөдтэй хүмүүс Мьянмар улсын дээд албан тушаалын төлөө өрсөлдөх эрхгүй байдаг бөгөөд Ан Сан Су Чи нь Их Британийн эрдэмтний бэлэвсэн гэргий бөгөөд хоёр хүү нь Их Британийн иргэншилтэй, Лондон хотод оршин суудаг.
"Ардчиллын төлөөх үндэсний холбоо"-ноос нэр дэвших боломжтой хүмүүсийг ч хараахан танилцуулаагүй байна. Мьянмарын хэвлэлүүдэд бичиж буйгаар, цэргийн дэглэмийн үед гэрийн хорионд 15 жил байсан Су Чид Ерөнхийлөгч болох боломж олгон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар одоо ч гэсэн эрх мэдэлтэй хэвээр байгаа цэргийнхэнтэй тохиролцохыг тус намын төлөөлөгчид нэг бус удаа оролджээ. Сүүлийн саруудад Ан Сан Су Чи Мьянмарын цэргийн удирдлагуудтай гурван ч удаа уулзсан боловч түүний хүчин чармайлт амжилтгүй болсон тухай тус улсын хэвлэлүүдэд бичсэн байна.
Д.Жаргал