АНУ-ын дийлэнх муж улсад ерөнхийлөгчийн сунгаа болж дууслаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК, ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаа мягмар гарагт тус улсын Алабама, Жоржиа, Оклахома, Техас, Вермонт, Виржини муж улсад болж дууслаа. Америкийн гол хоёр нам болох Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын сонгогчид нууц санал хураалтаар тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нь нэр дэвшүүлэхээ сонгосон юм. Арканзас, Массачусетс болон Теннесси муж улсад санал хураалт удахгүй дуусна.
Аляск, Колорадо болон Миннесота гэсэн гурван муж улсад хоёр намын идэвхтнүүдийн хурал үргэлжилж байна. Хурал ихэвчлэн 3-4 орчим цаг үргэлжилдэг. Харин Аляскийн оршин суугчид хамгийн сүүлд нэр дэвшигчдийг тодруулдаг бөгөөд тус муж улсад хурал орон нутгийн цагаар 20 цагт дуусах аж.
Санал хураалтын эхний албан ёсны дүнг санал хураах байрууд хаагдсанаас ойролцоогоор нэг цаг орчмын дараа зарлах төлөвтэй байна.
Хэвлэлүүдийн таамаг
Америкийн тэрбумтан Дональд Трамп “супер мягмар гарагийн” сунгаанд Вермонт, Виржини, Жоржиа гэсэн гурван мужид ялах төлөвтэй байна. Ийм урьдчилсан таамгийг телевизийн “СNN” компани нийтэлжээ.
Энэ таамгийг иргэдийг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгад үндэслэсэн байна. Саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байгаа юм.
Бүгд найрамдахаас намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэнийг нь намын их хурлын үеэр 141 төлөөлөгч дэмжих вэ гэдэг нь Вермонт, Виржини болон Жоржиа муж улсын санал хураалтын дүнгээс шалтгаална.
Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаанд Хиллари Клинтон Виржини болон Жоржиа муж улсад ялсан бол түүний өрсөлдөгч Берни Сандерс төрөлх Вермонт муж улсдаа ялсан тухай АНУ-ын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд болох “СNN” суваг, АР агентлаг, “The Washington Post” сонин мягмар гарагийн орой мэдээлжээ.
АНУ-ын сонгууль
Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор нэр дэвшихийн төлөө тус улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон, Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс нар өрсөлдөж байгаа юм.
“The New York Times” сонины мэдээлснээр, одоогийн сунгааны саналын хуудсыг тоолж эхлэхээс өмнө Клинтон 546 төлөөлөгчийн дэмжлэгийг хэдийн авсан байсан бол Сандерс ердөө 87 дэмжлэгтэй байна. Пенсильвани муж улсын Филадельфи хотод долдугаар сарын 25-28-нд болох намын их хурлаар ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлэхийн тулд 4764 төлөөлөгчөөс 2383-ынх нь дэмжлэгийг зайлшгүй авсан байх ёстой.
Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сунгаанд таван нэр дэвшигч оролцож байгаа нь Дональд Трамп, Техасаас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз, Флорида муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Марко Рубио, хар арьст мэдрэлийн мэс засалч Бен Карсон, Огайо муж улсын захирагч Жон Кейсик нар юм. Олон нийтийн дунд саяхан явуулсан санал асуулгын дүн Трампт найдвар төрүүлсэн байна. Энэ сарын 15-нд халз мэтгэлцээн болно.
Одоогийн байдлаар Трамп 82, Круз 17, Рубио 16, Кесик зургаа, Карсон дөрвөн дэмжлэгтэй байна. Огайо муж улсын Кливленд хотод долдугаар сарын 18-21-нд болох намын хурлаар намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшихийн тулд Бүгд Найрамдах намын нэр дэвшигчид 2472 төлөөлөгчөөс 1237-ийнх нь дэмжлэгийг зайлшгүй авах ёстой.
Д.Жаргал