Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөлгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас санаачлан Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн газартай хамтран төрийн байгууллагын алба хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор нэгдсэн зөвлөлгөөнийг өчигдөр зохион байгууллаа.
Зөвлөлгөөний үеэр Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнай “Авлига, албан тушаал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил”, “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж “Увс аймаг дахь гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ” сэдвээр, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Бямбажаргал “Увс аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавилаа. Мөн түүнчлэн аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Мөнхзул “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ” сэдвээр, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Баасанжав “Хүний амь бие, эрх чөлөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах асуудал” сэдвээр, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа “Увс аймгийн хүүхэд, гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, түр хамгаалах байрны үйл ажиллагаа”-ны талаар тус тус мэдээлэл хийж, төрийн албан хаагчдаас гаргасан санал хүсэлтийг сонсож, зөвлөлгөөнөөс нэгдсэн зөвлөмж гарган ажиллахаар боллоо.
Гэмт хэрэг зөрчлийг бууруулахад зөвхөн хууль хяналтын байгуулага бус, бусад төрийн байгууллагуудын оролцоо хамтын ажиллагааг сайжруулахад уг зөвлөлгөөний зорилго оршиж байлаа. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас зам тээвэр болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар танилцуулсан бол прокурорын байгууллагаас 2017 онтой харьцуулбал өссөн үзүүлэлттэй байгаа гэмт хэрэг зөрчлийн дүн мэдээг сонордуулсан юм. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болох, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг энэ жил цөөнгүй бүртгэгдсэн гэдгийг онцолж байна.
"2018 он гарсаар аймгийн Прокурорын газар 511 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан ба энэ хүрээнд цагдаагийн газар 482 гомдол мэдээлэл, тагнуулын газар 19 гомдол мэдээлэл, Авлигатай тэмцэх газар 10 гомдол мэдээллийг тус тус хүлээн авч шалгасан байна. Үүн дотроо хүрээлэн буй орчны эсрэг буюу хууль бусаар ан амьтан агнасан, алт олборлох зэргээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэрэг өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна. Энэ 11-р сард хууль хяналтын байгууллагуудын хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумдад зохион байгуулахаар төлөвлөөд байна" хэмээн Аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр ярив.